Wednesday, December 5, 2012

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах “Өглөөний цай”арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээ монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллын хэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлын гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний архивын газрын дарга Д.Өлзийбаатар танилцуулж, хүрэлцэн ирсэн зарим хүнд тэр үед аав нь саналаа өгсөн баримтыг дурсгал болгон өгснөөр эхлэв. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн аав Цахиа гуай Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн баримтыг хөрөглөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар дурсгал болгон өгөв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирсэн зочдод хандан үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Иргэдээ хэрхэн хариуцлагажуулах вэ гэвэл эрхийг нь өгөх хэрэгтэй. Тэгээд шийдвэрээ өөрсдөө гаргадаг, түүнийхээ төлөө өөрсдөө хариуцлага хүлээдэг ийм л нийгмийг байгуулвал бид ардчилсан, иргэний нийгмийг цогцлоож чадах юм. Халамжийн төрийг иргэний төр болгох зам нь шууд ардчиллаар дамжин хэрэгжих нь ойлгомжтой. Иргэндээ эрх өгдөггүй улс орнууд халамжаа л нэмээд байдаг. Бид сүүлийн 20-иод жилийн турш энэ замаар явж ирлээ. Иргэн нь бус дарга нь эрхтэй байдаг учраас өөрсдийн албан тушаалаар далимдуулж халамжаа нэмдэг, энэхүү халамж нь хэтрээд эдийн засаг, улс орноо сөхрүүлдэг. Тэгэхээр өнөөдөр бидний нэлээд их хазайсан байгаа энэ чиглэлээс гарахын тулд иргэндээ эрх өгч, халамжийн төрийг халах боломжтой.
Хорин гаруй жил бид ардчиллын тухай ярьсан. Харин одоо бид жинхэнэ утгаар нь энэ зам руу орох хэрэгтэй байна. Бид төлөөллийн ардчилалтай байсан, одоо шууд ардчиллын механизмуудыг хэрэгжүүлье. Ардчилсан гэгдэж буй улс орнууд энэ замыг сонгож, иргэддээ илүү эрх мэдэл өгч байна. Дарга нар нь, шийдвэр гаргадаг хүмүүс нь эрх мэдлийг булааж авдаг биш иргэддээ илүү эрх мэдэл өгөх энэ зам руу явж байна.
Өнгөрсөн хугацаанд бодлогын шинжтэй баримт бичгүүдийг боловсруулж дууссан. Томоохон хэмжээний чуулган хоёр удаа хийлээ. Үүнийг иргэд харсан байх гэж бодож байна. Хөдөө орон нутгаас мянга гаруй хүн, нийслэл Улаанбаатарын дүүрэг, хороодоос мөн төдий тооны хүн цугларч, зөвлөлгөөн хийсэн. Шууд ардчиллын 2000 гаруй багш бэлтгэлээ. Өнөөдөр хамгийн цөөн хүн амтай суманд ойролцоогоор 200 орчим сая төгрөг, хамгийн олон хүн амтай суманд 800 орчим сая төгрөгийг иргэд шийдвэрлэхээр болж байна. Гэхдээ “Бид мөнгөний асуудлаа шийдвэрлэж, чухам юунд зарцуулах тухайгаа ярилцахын тулд иргэдийн хурлаа зохион байгуулах гэхээр дарга нар нь ирэхгүй байна” гэсэн гомдол иргэдийн дунд байна. Аргагүй шүү дээ, дарга нар мөнгө зарцуулах шийдвэр гаргах эрх мэдлээ шилжүүлэх дургүй байгаа.
Энэ мэт хүндрэлүүдтэй бид тулгарна. Тийм учраас иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарыг шахсан эрх зүйн баримт бичгийг цаашид гаргах хэрэгтэй. Мөн энэ асуудлыг татвартай уялдуулах нь зүйтэй. Татвар, байгалийн баялаг, төсөв болон тендертэй холбоотой асуудлыг орон нутагт иргэдийн оролцоотой хэлэлцэж, тодорхой хэмжээнд шийддэг байх нь чухал. Нэгдэл хувьчилсныг бүгд санаж буй байх. Тухайн үед малаа авах эдийн засгийн ашиг сонирхол байсан учраас иргэд нь оролцоод шийдэж байсан. Одоо үүний адилаар тэнд очиж байгаа болон буй болох мөнгөний асуудлаа иргэд нь шийднэ. Ингээд иргэдийн оролцоо төсөв, мөнгөний асуудалд нэмэгдэх ёстой болж байна. Энэ тал дээр сэтгэлзүйн болоод соёлын хүндрэл, бэрхшээл чамгүй их байгаа. Бид энэ асуудлыг зөвхөн дарга, төлөөлөгчид шийддэг хэмээн бодож ирсэн. Харин одоо иргэдийн гаргасан шийдвэрийг төр захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй болно. Дарга нар энэ шийдвэрийн хэрэгжилтийг хангах хэрэгсэл нь болохоос биш иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, төр мөнгийг буруу зөрүү завших ёсгүй.
Энэхүү бодлогын баримт бичгийн төслийг, Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Та бүхэнд сонирхолтой байгаа байх. Энэ төслийг хараад саналаа өгөөрэй гэж хүсье. Өнөөдрөөс эхлээд энэхүү төслийг вебсайтад тавин, хэд хоногийн дараа өргөн барих хэрэгтэй болов уу хэмээн бодож байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад нэгэн сайн тал байгаа нь юу гэвэл бидэнд улс төрийн сонирхол, шийдэл нь байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүгд нэгэн байр суурьтай байгаа. “Иргэний оролцоо, шууд ардчилал гэдэг чухал юм байна. Үүгээр дамжуулж асуудлаа шийдвэрлэж байя. Ингэж чадвал төв Засгийн газарт ирдэг олон хүндрэл, бэрхшээлийг орон нутагт шийдэх боломжтой юм байна. Хөдөө эмнэлгийн машины дугуй хагарахад Ерөнхий сайд шийддэгээ болих юм байна” гэсэн үзэл бодол руу шилжиж байна. Тэр зөвлөлгөөний ачаар, иргэд болон шийдвэр гаргагчид үүнийг ойлгосон байх.
Сүүлийн орон нутгийн, мөн УИХ-ын сонгуулиас харахад иргэдийн оролцоо, шууд ардчиллын асуудал нь нэгэн гол сэдэв болсон нь илэрхий байна. Энэ сэдвийг хөндсөн улс төрийн хүчин, нэр дэвшигч сонгуульдаа амжилттай оролцсон. Үүнийг дэмжсэн иргэд тухайн нэр дэвшигчид саналаа өгсөн. Иргэд хүнээр эрхээ мэдүүлэх бус, өөрсдөө мэдье гэсэн саналтай болоод байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газартай Дэлхийн банк хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байгаа. Мөн Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллага ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын болоод аймаг, сумдын удирдлага идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ бүхэн олон нийтэд төдийлөн сайн мэдэгдээгүй. Энэ чиглэлд тодорхой төсөв гаргаж, олон нийтэд ойлгуулах, сургалт зохион байгуулж, сум, багуудад тулгамдах асуудлыг газар дээр нь очиж сурвалжилж, мэдээлэх ажил чухал юм.
Сая Монгол Улсын түүхэнд шууд ардчилал, иргэдийн оролцооны үр дүнд ямар чухал шийдвэрүүд гарч байсныг харлаа. 1945 оны аравдугаар сарын 20-нд монголчууд бүрэн эрхт байдлынхаа төлөө бүгдээрээ оролцоод саналаа өгч байсан. Үүний дүнд Монгол Улс дэлхийн 160 гаруй оронтой дипломат харилцаа тогтоосон, бүрэн эрхтэй, тусгаар тогтносон улс болсон. Ингэхээр иргэдийн оролцоо, шууд ардчилал гэдэг нь ийм сайн сайхан зүйлийг бидэнд авчрах тустай гэдгийг харуулахыг зохион байгуулагчид хичээсэн болов уу хэмээн бодож байна. Ингээд та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье” гэв.
Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөрийг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор А.Энхбат танилцууллаа. 2013-2015 онд хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн зорилго нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн сонирхлын бүлгүүд, нийгмийн бүхий л төлөөлөл шууд оролцоогоор орон нутгийнхаа болон төрийн шийдвэр гаргах үйл явцад хамтран оролцох, хяналт тавих нөхцөл бололцоог бүрдүүлэх, төрийн байгууллагууд иргэдийн оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх, хууль, эрх зүйн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, аливаа шийдвэрийг төр нь иргэдийн санал дээр тулгуурлан хамтран хэлэлцэж гаргаж хэвшүүлэх явдал гэдгийг тэрээр онцлон дурдав. Тэрээр цааш нь хэлэхдээ “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаарх Засгийн газрын бодлогын хэрэгжилт, зохицуулалтыг Үндэсний бодлогын зөвлөл хариуцна. Үндэсний бодлогын зөвлөл нь Засгийн газрын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөл, олон улсын хөгжлийн агентлагийн төлөөллөөс бүрдэнэ. Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм нь өргөн хэмжээний хэлэлцүүлэг, Засгийн газрын дэмжлэг, техникийн туслалцаа байх болно. Хэрэгжилтийг иргэний оролцооны бодит байдал буюу түүний үр нөлөөгөөр хэмжинэ. Иргэд төсвийн хөрөнгийг хамтран эзэмшиж, үр ашигтай захиран зарцуулж хэвшсэн байх, нийтийн зар мэдээ иргэдийн хэрэгцээ болж, иргэд төрийн байгууллагуудаар үйлчлүүлж хэвшсэн байх, иргэний нийгмийн оролцоо төрд үгүйлэгддэг болсон байх нь хяналт, үнэлгээний шалгуур болох юм” гэлээ.
Мөн нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин “Иргэний оролцооны бодлогын зөвлөл байгуулах, түүний бүтэц”, Шууд ардчиллын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А.Саруул “Шууд ардчиллын жилийн тайлан” гэсэн сэдвээр танилцуулга хийв.
Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Монгол Улсын УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Солонго, Монголын ипотекийн корпорацийн захирал Ц.Энхбаяр, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн төслийн зохицуулагч Д.Цэндсүрэн, НҮБ-ийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа II төслийн захирал А.Хашцэцэг нар саналаа хэлж, хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч арга хэмжээг хааж хэлэхдээ “Энэхүү хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн хувь хүмүүс болоод байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье. Хэлэлцүүлгээр сургалт боловсролтой холбоотой хэд хэдэн чухал асуудлуудыг хөндлөө. Бид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Иргэд өөрсдөө оролцож байж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой гэдгийг ойлгож ухаарах нь зүйтэй. Иргэдэд эрхийг нь өгч, нэг удаагийн хурлаар будилвал хоёр дахь удаагаа дүрэм журмаа сайжруулаад явна. Иргэдэд эрх өгөөгүй байхад боловсрол очихгүй. “Манай иргэд боловсрол, мэдлэг дутуу байна, шууд ардчиллын энэ механизмыг хэрэгжүүлэх гэхээр болохгүй байна, цаг нь болоогүй юм биш үү” хэмээн яриад байвал хэзээ ч бүтэхгүй. Иймээс эхлээд эрхийг нь өгчих. Ямар ч том сургууль төгссөн амьдралын сургуулиас илүү том сургууль гэж үгүй. Амьдралаараа туулж сургамж авч байж л суралцаж, энэ нь эргээд дүрэм журам болдог. Иймээс эхлээд эрхийг нь өг.
Хоёр дахь асуудал. Бид нэг үгийг өөрчилмөөр санагддаг. Амьдралын доод түвшин гэж бид ярьдаг. Энэ бол доод түвшин биш, анхан шат юм. Би нэг удаа УИХ-д хэлж байсан, “Орон нутаг бол үндсэн нутаг” гэж. Төрийн ордонд төрсөн хүн гэж байхгүй. Тийм учраас орон нутаг бол үндсэн нутаг, энэ үндсэн нутагт үндсэн эрх хэрэгжиж, үндсэн асуудлуудыг шийдэж байх ёстой.
Үүнтэй уялдуулж хэлэхэд Монгол Улсад дээд эрх мэдэл хэнд байна вэ? УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль нь ч дээд эрх мэдэлтэн биш юм. Иргэдийн сонгосон УИХ засгаа байгуулж, иргэдийн саналаа өгсөн хүн Ерөнхийлөгч болдог шүү дээ. Монголын дээд эрх мэдэл бол иргэдийн эрх мэдэл юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэж байна. Мөн тэнд нарийн бичгийн дарга гэж байхад одоогийн яригдаж буй зүйл хэрхэн уялдах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Цаашид шилжилт явагдах ёстой. Бид нэн тэргүүнд орон нутгийн засаг захиргаа, өөрөө удирдах ёстой холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өнөөдрийн ИТХ гэдэг нь иргэдийн хурлын төлөөлөл юм. Энэ төлөөлөл зарим яаралтай асуудлыг шийдвэрлэдэг, харин ИТХ-ын нарийн бичгийн дарга нь иргэний оролцоо, шууд ардчиллын ажлын алба болж хувирах ёстой.
Бидний сонгосон төлөөллийн байгууллагууд эргээд шууд ардчиллын ажлын алба болоод үйл ажиллагаагаа явуулна. Тэгэхээр өнөөдөр зарим зөрчил байгаа боловч цаашид арилгаад явах боломжтой.
Хамгийн сүүлд сайн мэдээ дуулгая. Монгол Улсын эдийн засаг 2011 онд дэлхийд хамгийн хурдан өсөлттэй байсан. Харин 2012 онд манай улс олон улсын Transparency International байгууллагын дүгнэлтээр дэлхийд авлигын хэмжээ нь хамгийн хурдтай буурсан орноор шалгарчээ. Үүнийг тоон үзүүлэлтээр хэлэх ёстой. Бид 2011 онд уг жагсаалтын 120-д жагсаж байсан бол өнөөдөр 26 байраар урагшилж, 94 дүгээрт бичигджээ. Энэ бол дэлхийн аль ч улсад гараагүй амжилт.
Энэ бол иргэдийн оролцоо, хуулийн хэрэгжилт нь ямар чухал вэ гэдгийг харуулж байна. Эрх мэдэлтнүүд өөрсдөө асуудал шийддэг бус тодорхой механизмаар шийддэг байх нь чухал. Монгол Улс 26 байраар урагшилсныг та бүхэн интернэтээр ороод үзэх боломжтой. Ийм сайхан мэдээгээр өнөөдрийн уулзалтыг өндөрлөхөд сэтгэл хангалуун байна. Оролцсон нийт хүмүүст дахин талархал илэрхийлье” гэв.
“Өглөөний цай” арга хэмжээнд үг хэлсэн хүмүүсээс гадна УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, албаны бусад хүн оролцлоо. Мөн АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг, USAID АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Францис A. Донован, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Жеверс, Швейцарийн хөгжлийн агентлагийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн менежер Петер Блант нар оролцов.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага