Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дүүргүүдийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай уулзлаа. Энэ уулзалтыг дүүргүүдэд сар бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт Сүхбаатар дүүрэгт болсон юм. Уулзалтаар нийслэлийн 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангаас дүүргүүдэд хувиарлагдсан хөрөнгийг хуулийн дагуу хэрхэн үр ашигтай зарцуулах, нийслэлээс газар эзэмших, өмчлөх асуудлаар ямар бодлого баримталж байгаа зэрэг асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Энэ онд нийслэлийн 9 дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 24,9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Эдгээрээс дүүрэг бүрт хувиарлалт хийсэн бөгөөд дүүргүүд тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулах төслийн жагсаалтаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар 7 дүүрэг төслийн жагсаалтаа хүргүүлсэн бол Багануур, Хан-Уул дүүрэг жагсаалтаа ирүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлсэн юм. Мөн дүүргүүд хугацаа хожимдолгүй төслийн жагсаалтаа хүргүүлж, батлуулсан тохиолдолд хуулийн дагуу сонгон шалгаруулалт, тендер зарлан ажил эхлэх боломжтой болно. Өнгөрсөн жилүүдэд хугацаа алдаж материал ирүүлснээс шалтгаалан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд он дамжих тохиолдол цөөнгүй гарсан тул дүүргийн удирдлагууд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг албаныхан сануулсан юм.
No comments:
Post a Comment