Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн сан хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь Монгол Улсын хэмжээнд 17 сум, хороодыг иргэдийн оролцооны загвар сум, хороо болгох зорилготой юм байна.
ӨМНӨХ ҮГ
Өнөөдөр Монгол Улсад ИРГЭН өөрийн оршин суугаа баг, хорооны амьдралын асуудлыг хамтран шийдэхэд оролцох, нийгмийн баялгийн хуваарилалтад оролцох боломжийг бүрдүүлсэн дүрэм, журам үгүйлэгдэж байна. Иргэний оролцооны шинэ соёлыг нийгэмд хэвшүүлэхийн тулд төр, засаг иргэдэд үйлчилж сурах шаардлагатай. Төр, засаг шийдвэр гаргахдаа иргэдийн оролцох нөхцлийг хангаагүй цагт тэд оролцох эрхээ хүчээр тулган шаардахад хүрч; эцэстээ төр, засаг нь гаргасан шийдвэрээ цуцлахад хүрэх эрсдэлтэй. Иргэний оролцоогүй гаргасан маш олон шийдвэр тухайн улс, үндэстний аюулгүй байдалд харшилж, улс төр, нийгэм-эдийн засгийн асар их хохирол учруулдаг гашуун туршлага бий. Иргэдийн оролцоотой гаргасан шийдвэр, иргэдийн саналыг тусгасан арга хэмжээ үндсэндээ ихээхэн эрсдлээс сэргийлж, нийгэмд амар амгалан байдал тогтоож, эцэстээ эдийн засгийн хувьд ч илүү хэмнэлтийг авчирдаг.
Иймээс өнөөдрийг хүртэл эдийн засаг, засаг захиргааны шийдвэр гаргах эрх мэдлийг нутгийн удирдлагын байгууллагууд зөвхөн өөртөө төвлөрүүлдэг байсан уламжлалыг халж, иргэд шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг тусгайлсан журмуудаар зохицуулах, тэдгээрийг нийгмийн бүхий л салбарт тайлбарлан таниулж, амьдралд хэвшүүлэх амин чухал шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Иргэдийн оролцоог төлөвшүүлэхийн тулд удирдлага, боловсрол, эдийн засаг, хууль, хэвлэл мэдээлэл зэрэг салбар, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд гээд бүхий л түвшинд нэгэн зэрэг өргөн хүрээний боловсрол олгох, мэдээлэл өгөх, сурталчлах шаардлагатай байна.
Иргэдийн оролцооны тухай олон гарын авлага, арга зүйн материалууд хэвлэгдэн олны хүртээл болсон боловч энэхүү гарын авлага нь орон нутгийн удирдлагын шийдвэр гаргахтүвшинд иргэдийн оролцоог хөгжүүлэх, үүний тулд иргэдэд иргэдийн оролцооны талаарх мэдлэг, мэдээллийг өгөхөд зориулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Нөгөө талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн сан хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын туршлага, ололт амжилтуудад тулгуурлан гарч байгаа нь тэмдэглүүштэй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх
No comments:
Post a Comment