Monday, November 16, 2015

Элчин сайд Ч.БААТАР

Одоо үйлчилж буй Үндсэн хууль Монгол Улсыг социа­лизмаас ардчилал, зах зээлийн харил­цаанд шилжүүлэх түүхэн үүргээ биелүүлээд буухиагаа өгөх цагийг хүлээж буй өнөө үед УИХ Үндсэн хуульд хийх дорвитой нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэн шийдэх гэж байгаа нь нүдээ олсон алхам юм. Үндсэн хуульд хийх өөрчлөлтийг олон жил хойш татсанаас болж Үндсэн хуулийн, ялангуяа Төрийн байгуулалтын хэсэгт дэлхийн нийтлэг жишгээс гажууд, буруу зөрүү заалтууд тусгагдсан, эсвэл хагас дутуу, зарим байх ёстой зүйлүүд ор тас хаягдсанаас голлон шалтгаалж, сүүлийн жилүүдэд Монголын төрийн машин эвдэрч гацаад ажиллахаа больсныг одоо дээр, дооргүй цөм мэдэрч, түүний сөрөг үр дагавар, хор уршгийг бүгд амсаж байна. Хор уршиг улс төрийн болон төрийн захиргаа, хууль шүүх, нийгэм, эдийн засаг, орон нутаг гэхчлэн бүх салбар хүрээнд хурцаар илрэх болсоор удаж байна.
Өнөөгийн Үндсэн хуулийг Монголын ард түмнээр өргөн хүрээнд олон сараар хэлэлцүүлж саналыг нь авахад санал өгсөн монголчуудын 60 гаруй хувь нь  парламентын засаг нь дээр гэсэн сонголтыг хийсэн байдаг. Тиймээс Үндсэн хуульд хийх гэж байгаа нэмэлт өөрчлөлт нь ард түмний тэрхүү түүхэн сонголтыг баталгаажуулан манай төрийн одоогийн тогтолцоонд байгаа гажуудлыг арилгаж парламентын ард­чиллын сонгодог хэлбэрт бүрэн шилжүүлэх том зорилтыг хэрэгжүүлэх учиртай. Нэгэнт сонголтыг баталгаажуулан сонгодог хэлбэрт дөхүүлэх гэж байгаа тул ард түмнээс санал асуулга авах шаардлага үгүй болно. Харин энэ сонголтоос өөр сонголт хийлгэх гэж байгаа бол мэдээж ард түмний саналыг заавал, өргөн хүрээнд авах ёстой. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Үндсэн хуульд хийх нэмэлт өөрчлөлтийн талаар хүмүүсээс олон, янз бүрийн санал ирэх нь мэдээж. Гэхдээ эдгээр санал нь үнэ цэнэтэй эсэх нь  манай сонгосон парламентат ёсыг бэхжүүлэхэд тустай эсэх шалгуураар хэмжигдэж үнэлэгдэх учиртай.
Ажлын хэсгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад их л сүр бараатай өргөн барьж байгаа нь харагдсан боловч хуулийн төслийг нь уншаад үзэхээр нэг их сүйдтэй зүйл бага, парламентын сонгодог хэлбэрт хүргэсэн иж бүрэн нэмэлт, өөрчлөлт оруулж чадахгүй бололтой гэсэн сэтгэгдэл төрж байна. Энэ удаа Үндсэн хуульд хагас дутуу өөрчлөлт хийвэл төрийн машин гацсан хэвээр, нэлээд олон жилдээ Үндсэн хуульд дахин гар хүрч чадахгүй болох аюул оршиж байгаа тул  ямар үндсэн нэмэлт, өөрчлөлтийг хийвэл зохих талаарх өөрийн санал бодлыг толилуулж байна.
Манай одоогийн Үндсэн хуульд парламентын сонгодог ёсоос хазайсан тогтолцооны ямар үндсэн гажуудал байгааг эхлэн тогтоож тэдгээрийг зөв голдиролд нь оруулах ёстой.
НЭГ. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн тогтоох гэсэн гурван салаанд тэнцвэржүүлэн хуваадаг дэлхийн нийтлэг жишиг манайд алдагдсан байгаа.        Одоогийн Үндсэн хуульд эрх мэдлийг дөрвөн салаанд хувааж Ерөнхийлөгчийн бие даасан институцийг үүсгэсэн. Энэ нь манай Үндсэн хуульд байгаа хамгийн гол, үндсэн гажуудал болно. Ажлын хэс­гээс гаргасан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийг Пар­ла­ментаас тодруулахаар тусгасан нь энэхүү үндсэн гажуудлыг арилгах  гол арга гэж үзэн дэмжиж байна. Ингэснээр Монгол Улс парламентат ёсны засагтай улс гэдэг нь хэлбэр талаасаа жинхэнээсээ тодорно.
ХОЁРТ. Үндсэн хууль дахь дараагийн ноцтой гажуу­дал нь төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах зарчим алдагдсан явдал юм. Ардчилсан төрийн тог­толцооны онцлог нь төрийн эрх мэдлийг гурван салаанд тэнцвэржүүлэн хуваарилдаг учраас  нэг салаа нь төрийн эрх барих дээд байгууллага байж болдоггүй. Тиймээс Үндсэн хуульд УИХ-ын талаар орсон энэхүү заалтыг авч хаях ёстой. УИХ-ыг Хууль тогтоох дээд байгууллага гэж томъёолж оруулахад бусдын жишигтэй нийцнэ.
ГУРАВТ. Төрийн гурван дээд байгууллага маань ойролцоо эрх мэдэлтэй, тус тусдаа харьцангуй бие даасан шинжтэй боловч хоорондоо харилцан уялдаа хамааралтай, бие биеэсээ нөхцөлдөж байх тулгуур зарчим алдагдсан нь дараагийн том гажуудал болно. Ийм байдал ялангуяа УИХ, Засгийн газрын хоорондох харилцаа, хамааралд тод  тусгалаа олж ирсэн. Парламентын зөв тогтолцоотой газарт хууль тогтоох байгууллага дахь олонх, засгийн газар хоёр хүйн холбоотой байдаг. Сонгуульд ялсан намынхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах явдал парламентын олонх болон түүнээс төрсөн Засгийн газар хоёрын нэгдмэл зорилго тул нэг баг болж ажилладаг учиртай. Хүнээр бол хоёр гар нь гэсэн үг юм. Парламентад нэг нам дангаараа ч бай, эсвэл эвсэл байгуулж олонх болсон ч бай, гишүүд  болон Засгийн газар хамтдаа нэг баг гэж үзэгддэг тул “сэлбэл хамтдаа сэлэх, живбэл хамтдаа живэх” дотоод логик холбоогоор нөхцөлдсөн байдаг. Түүнээс биш хоёр гар хоорондоо тэр бүр зодолдоод байдаггүй. Гэтэл манайд хоёр гар хоорондоо зодолцоод салахаа больсон нь энэ харилцан уялдаа, хамааралтай байх зарчим, холбоос алдагдсанаас үүдэлтэй юм.  Энэ нь Үндсэн хуульд УИХ-ыг бүгдийн дээр заларсан, Засгийн газраас хамааралгүй, бараг унахгүй, тарахгүй  байдлаар хийж өгсөнтэй холбоотой.
Нөгөө талд нь ийм хамаарал алдагдсанаас болж “Хүчтэйд хүчгүй нь буруутай” байдаг ширэнгийн хуулиар Засгийн газар бүх юманд буруутан болж хувирах, УИХ хир хүргэдэггүй, хариуцлага хүлээдэггүй онц эрхт нэгэн болох хоёр эсрэг дүр төрхтэй болоод удаж байна. Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, УИХ-тай ойролцоо тэнцүү эрх мэдэлтэй дээд байгууллага биш, харин УИХ-ын бодлогыг хэрэгжүүлдэг зэмсэг төдий зүйл мэтээр харагдаж ойлгогдох болсон байна. Ийм байдлаас болоод УИХ, түүний гишүүд засгийн газраар орол­доод ажиллуулдаггүй, нэгийг огцруулж нөгөөг бай­гуулж тоглох амтанд сүрхий орсон төдийгүй, уг гажуудал нь цаашлаад зарим нэгнийг УИХ-ын гишүүнээс гадна сайдын сэнтийг эзлэх шуналд хөтлөх, энэ хувийн сонирхол нь парламент дахь олонх, цөөнхөө умартаад улс төрийн ил, далд хуйвалдаан, тохиролцоонд ороход хүргэх,  “ардын баатар” болохын тулд сайд нар нь ерөнхий сайд, засгийн газраа өөрсдөө нугаслах, сайдын суудлыг алдсан, авсны хооронд өс хонзон гаарах,  улс төрийн хор найруулга эх захаа алдах зэрэг үй олон сөрөг үзэгдлийг төрүүлэх үндэс болоод байгаа нь нууц биш болжээ. Энэ байдал нь улс төрийн намуудыг төлөвшүүлж бэхжүүлэх бус, харин хагалж бутаргах хүчин зүйл болоод байна.
Нэг үгээр хэлбэл манай УИХ Монголын улс төрийн тогтворгүй байдлыг өдөөгч гол хүч болж хувирчихаад байна. Үүнийг өнгөрсөн 25 жиийн хугацаанд 14 Засгийн газар, 17 ерөнхий сайдын нүүрийг үзэж, нэг Засгийн газар дунджаар хоёр жил хүрэхгүй настай байсан гэсэн тоон үзүүлэлт тод нотлон харуулж байна. Гэтэл УИХ өөрөө  ямар ч хариуцлага хүлээлгүй явж ирсэн нь уялдаа хамаарал хоёр талынх биш, харин нэг талын болж алдагдсаны тод илрэл юм.
Гэтэл энэ байдлыг засаж зөв гольдиролд оруулах, эрх мэдэл, харилцан хамаарлыг  тэнцвэржүүлэх талаар ажлын хэсгээс дорвитой санал гарсангүй гэж үзнэ. Ерөнхий сайдад кабинетаа өөрөө бүрдүүлэх эрх олгосноор асуудлыг хааж байгаа бололтой. Ерөнхий сайд ийм эрх эдэлдэг нь парламентын засагтай бүх улсад байдаг ердийн эрх болохоос биш, манай УИХ-аас түүнд өгч байгаа шан харамж биш юм. Ер нь парламентын засагтай улсад Засгийн газраас парламентын хамаарах зүйл тун цөөн байдаг. Тиймээс хамаарлыг тэнцвэржүүлэх үүднээс Ерөнхий сайд нэг онцгой эрх эдэлдэг. Тэр нь олонх, Засгийн газрын хооронд бодлогын асуудлаар том зөрчил гарч Засгийн газар ажиллах боломжгүй болтлоо даамжирсан үед Ерөнхий сайд парламентыг тараан шинэ сонгууль зарлах эрх эдэлдэг. Энэ жинтэй хамаарлыг Ерөнхий сайд арга барсан үедээ эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхээр гартаа атгаж байдаг. Энэ нь мөн парламентын засагтай бүх улсад байдаг нийтлэг жишиг болно. Ерөнхий сайдын энэ онцгой эрх мэдэл нь парламентыг хэт дураараа авирлах явдлыг хазаарлан, Засгийн газрыг тартал нь оролдохгүй байх сануулга болж байдаг.
Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхий сайдад энэ эрхийг нь хуульчлан олгох ёстой. Ийм өөрчлөлт оруулснаар УИХ, Засгийн газар хоёр нэг нь нөгөөгийнхөө хүчирхэг гарт атгуулсан зэмсэг хэрэгсэл, эсвэл эзэн, боол хоёр мэт өнөөгийн байдал арилж, харин төрийн машины  хүчирхэг хос зүтгүүр болж хувирна. Монголын улс төрийн байдал илүү тогтвортой, тайван болох нөхцөл хангагдах учиртай. Гэтэл ийм зүйлийг хуулийн төсөлд тусгаж өгөөгүй нь ажлын хэсгийг зөвхөн нөгөө л онц эрхтэй УИХ-ын гишүүдээс бүрдүүлснээс үүдэлтэй, харилцан хамаарлыг тэнцвэржүүлэхийг явцуу эрх ашгийнхаа үүднээс хаах, орхигдуулах гэсэн оролдлого хэмээн ойлгогдож байна. Хэрэв Ерөнхий сайдад ийм эрх олгохгүй бол парламентийн сонгодог хэлбэрт ойртох тухай ярих ч хэрэггүй. Үүнтэй уялдан парламентийн сонгуульт хугацаа “ …дөрвөн жилээс илүүгүй байна” гэж хуулийн нэмэлтэд зааж өгөх хэрэгтэй болно. Тийм заалт нь УИХ унахгүй, тарахгүй байхаар хийгдсэн өнөөгийн гажуудлыг арилгаж, Ерөнхий сайдын парламентыг тараах эрхийг хангаж өгөх ач холбогдолтой.
Энд мөн зориуд тэмдэглэвэл зохих нэг зүйл нь УИХ ийм онцгой эрх эдэлж ирсэн хэрнээ түүний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болох хуулиуд нь чанаргүй, уялдаа холбоогүй, заримдаа бизнесийн тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлсэн шинжтэй, амьдралд нийцгүй зэрэг үй олон шүүмж зэмлэл олон түмнээс хүлээж байгаа. Энэ нь манай УИХ  сонгогчдын төлөөлөл болсон ганц танхимтай байгаатай холбоотой. Манай парламентийг дэлхийд байдаг нийтлэг жишгийн дагуу хоёр танхимтай болгох нь  олон талын ач холбогдолтой болно. УИХ сонгогчдыг төлөөлдөг Төлөөлөгчийн танхим гэсэн үг болохыг дээр хэлсэн. Одоо гишүүдийнх нь тоог 99 болгох санал оруулсан  гэж ойлгогдож байгаа, үүнийг зүйтэй санал гэж үзнэ. УИХ хэт цөөн гишүүнтэй байгаа нь хуулиудыг гурилдаж гаргах нэг суурь шалтгаан юм. Олон хороодод ордог, мөн нэлээдгүй ажлын хэсэгт  ажиллах үүрэг хүлээдэг гээд тун их ачаалалтай, ядахад өөрсдөө мэдлэг муутай, мэргэжлийн биш, харицлагагүй, туршлагагүй гээд олон нэрмээс байдгийг хэлэх үү. Тиймээс аймаг, бүс нутгийн төлөөлөл болгож шинээр Зөвлөхүүдийн танхимыг байгуулах хэрэгтэй гэж үзнэ. Бүрэлдэхүүний хувьд цомхон, 49 гишүүнтэй, зургаан жилээр сонгогддог, гурван жил тутамд бүрэлдэхүүний тэн хагасыг нь сэлгэн сонгож бүрдүүлдэг байдлаар хийж болох талтай юм. Түүнийг тараана гэдэг асуудал байхгүй учир тогтвортой ажиллах механизм болж хувирдаг. Хэрэв аль нэг хуулин дээр хоёр танхим санал нэгдэж чадахгүй бол Төлөөлөгчийн танхимын шийдвэр давамгайлдаг маягаар зохицуулдаг практик олон орны хуулинд байдаг. Ийм шинэ бүтэц бий болсноор хууль хоёр танхимаар орж тохиролцож батлагдах учиртай тул чанартай хууль гаргахад чухал нөлөөтэй, бие биедээ хариуцлагын давхар хяналт бий болгох сайн талтай. Нөгөөтэйгүүр нутаг дэвсгэр, засаг захиргааны төлөөлөл болж гарч ирж байгаагийн хувьд аймаг, бүс нутгийн хөгжлийн болон нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх эрх зүйн орчныг зөв бүрдүүлэхэд тэдний дуу хоолой, оролцоо чухал ач холбогдолтой гэж үзнэ. Парламентын ардчиллын үлгэр жишээ орнуудад заавал байдаг ийм бүтцийг хийж өгөхгүйгээр парламентийн сонгодог хэлбэрт дөхөх тухай ярих нь мөн л өрөөсгөл болно. Магадгүй, хөрөнгө төсөв муу, эдийн засаг хямралтай гэх мэт шалтгаар түүнийг эсэргүүцэж болох талтай юм. Гэтэл далдуур, ялангуяа манай бизнесийнхэн юмаа бүтээхийн тулд энд гарах зардлаас олон зуу дахин их хөрөнгө мөнгөө авилга хээль хахуульд өгч байгааг монголчууд бүгд мэдэж байгаа шүү дээ. Тийм бүтэц бий болбол авилгын бууралтад дорвитой нөлөө үзүүлнэ гэж тооцож байна.  Нөгөөтэйгүүр, хэрэв тийм бүтэцтэй болбол хоёр танхимын гишүүдийн нэгдсэн санал хураалтаар шинэ Ерөнхийлөгчийг тодруулж гаргах тул одоогийн хуулийн төсөлд санал болгосон шиг аймаг, хэд гурван хотын нэр заах шаардлага гарахгүй.
Засгийн газар парла­ментын итгэлийг хүлээж чадаж байгаа эсэхээр санал хураалт явуулдаг практик хоёр янз байдаг. Нэгэнт Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэн сайд нараа томилоод парламентад танилцуулах үед тухайлбал Англид, тухайн Засгийн газарт шинэ парламент итгэл үзүүлэх эсэх асуудлаар бүр эхэнд нь шууд санал хураалт явуулдаг. Мэдээж парламентад олонхийг бүрдүүлж буй Засгийн газар парламентынхаа олонхийн дэмж­лэгийг  авмагцаа үйл ажиллагаандаа ордог. Үүнийг хуулийн нэмэлтэд тусгаж болох юм. Харин үйл ажиллагааны явцын дунд төсвийн болон бодлогын зарим том асуудлаар тухайн засгийн газар парламентийн итгэл хүлээж чадаж байгаа эсэхээр гишүүд  гарын үсэг цуглуулан санал хураах заалтыг хуулинд оруулж болдог. Хэрэв тийм санал хураалтад ялагдвал Засгийн газар огцорч Ерөнхий сайд парламентийг тараан шинэ сонгууль явуулдаг нь нийтлэг жишиг юм. Өөрийнх нь намын гишүүд урваснаас болж ихэнхдээ тийм ялагдал хүлээдэг. Урвагчдыг зайлуулж, бодлогоо хэрэгжүүлэх үүднээс сонгууль зарлаж Төлөө­лөгчдийн танхим дахь өөрийн гишүүдийг нэг жолоонд дахин оруулдаг тул парламентийг тараах Ерөнхий сайдын энэ эрх намын нэгдлийг хангахад ч чухал үүрэгтэй.
 Гэтэл ажлын хэсгийн санал болгосон төсөлд /5. 43 зүйлийн гурав дахь хэсэгт/ Ерөнхий сайдыг унаган шинэ хүнийг Ерөнхий сайд болгон томилох саналыг хамтад нь оруулж ирвэл тун шуурхай гурав хоногт багтаан хэлэлцэн шийдэхээр тусгажээ. Энэ нь цаанаа ямар утгатай, аюултай  санал болохыг анхаарцгаа монголчуудаа.  Ерөнхий сайдыг унаган шинэ кабинетад сайд болох гэсэн гишүүдийн шунал тачаалыг хэвээр хадгалсан, улс төрийг одоогийнх шиг тогтворгүй хэвээр байлгах сонирхолоор энэ заалтыг зориуд оруулж иржээ гэж харж байна. Урвагчид, хуйвалдагчид дундаасаа Ерөнхий сайд гаргах нь. Тэгээд тодорсон Ерөнхий сайд хуйвалдаанд идэвхтэй оролцон хүмүүсийг сайд болгох үүрэг хүлээнэ гэсэн үг. Сайдын суудлаар шагнадаг урамшууллын тийм механизм үйлчилж байхад манай  улс төрийг тогтвортой болгох биш, харин Ерөнхий сайд, сайдын суудлын төлөөх тэмцлийг хуулийн дагуу гааруулах гэсэн санал гэж дүгнэж байна.
Эрх барьж буй улс төрийн нам өөрийн Ерөнхий сайдыг солих хэрэгтэй гэж үзвэл намынхаа хүрээнд намын лидерээс чөлөөлж, орны лидерийг тодруулсны дараа Ерөнхий сайд болгон кабинетаа бүрдүүлэх эрх олгодог нь сонгодог ардчиллын нийтлэг жишиг юм. Ерөнхий сайд болгох асуудлыг парламентаар хэлэлцэн санал хурааж шийднэ гэдэг мөн утга багатай. Харин Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэн парламентад танилцуулахад түүний кабинетад бүхэлд нь итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулдаг практик байдаг. Парламентад том бодлогын асуудалд санал хураалтаар ялагдаж кабинет огцрох болсон ч гэсэн нам өөрийн лидерт итгэл хүлээлгэсэн хэвээр бол Ерөнхий сайд парламентыг тараан шинэ сонгууль зарладгийг дээр өгүүлсэн. Хэдэн жилийн өмнө Японд шуудангийн асуудлаар тэр үеийн Ерөнхий сайд Коизуми парламентад ялагдсан ч парламентыг тараан шинэ сонгууль зарлаж, өөрийн намын урвагчдыг Төлөөлөгчдийн танхимаасаа  зайлуулан бүр ч илүү олон суудалтайгаар эргэн ирж шинэ кабинетаа бүрдүүлж байсан нь үүний жишээ юм.
Парламентын зөв тогтолцоотой зарим улсад спикерээ гол сөрөг хүчнээсээ тавьдаг практик бий. Нэгэнт өөрийнх нь намын хүн тавигдсан тул сөрөг хүчний гишүүд чуулган хаях, хуралдаа ирэхгүй байх зэрэг манайд хэвшил болсон гаж үзэгдэл гардаггүй сайн талтай. УИХ-ын хэт их эрх мэдлийг багасгах үүднээс УИХ-ын дарга гэдэг статусыг УИХ-ын хуралдааныг даргалагч /спикер/ болгон парламентат ёсны нийтлэг жишигт нийцүүлэх хэрэгтэй юм. Одоо УИХ-ын гишүүдийн тоог нэлээд нэмж байгаа үед нам эвслийн бүлэг бүрээс УИХ-ын дэд даргыг сонгох нь хэр зөв болохыг сайтар тунгаах хэрэгтэй байх. Хэрэв ингэхээр шийдвэл бүлэг байгуулдаг гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй  гэж үзнэ.
Одоогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхийн цаад зорилго, гол тоймтой өөрчлөлтийн талаар дээр дэлгэрэнгүй тайлбарласан зүйлүүдийг базаж нэгтгэн хэлбэл:
1. Зорилго:
  • Парламентат ёсыг сонгосон ард түмний сонголтыг баталгаажуулах
  • Энэ үүднээс одоогийн Үндсэн хуульд байгаа парламентат ёстой харшилж буй төрийн эрх мэдлийн ху­ваа­рилалт, институц хоо­рондын эрх мэдлийн тэнцвэр, харилцан хамаарлыг зөв тог­тоон, энэ талаарх гажуу, буруу заалтуудыг хасч, түүнд нийцэх заалтуудыг суулгаж өгөх
  • Үндсэн хуулинд хийх нэмэлт, өөрчлөлтүүдийн дүнд манай парламент дэлхийн нийтлэг жишигт дөхөж очсон байх
  • Энэ бүхний ачаар Монголын улс төрийн систем эрүүлжиж, тогтвортой байдал нь эрс дээшилсэн байх
  • Шинэчлэгдсэн Үндсэн хууль /Эх хууль/ Монголын ардчилал, эрх чөлөө, хүний эрх, хөгжил дэвшлийн эрх зүйн бат суурь болж хувирсан байх.
2. Тодорхой нэмэлт, өөрчлөлтүүдийн хувьд:
  • Төрийн эрх мэдлийг гурван салаанд тэнц­вэр­жүүлэн хуваадаг нийтлэг жи­шигт нийцүүлэх үүднээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
  • Монголын парламент УИХ болон Зөвлөхүүдийн танхимаас бүрдэнэ гэсэн нэмэлт оруулах
  • Нэг институц эрх барих дээд байгууллага байж болдоггүй тул УИХ-ын талаарх заалтаас энэ тодорхойлолтын хасч “УИХ нь сонгогчдыг төлөөлсөн хууль тогтоох дээд байгууллага мөн” гэж томъёолж оруулах
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгохыг зөв гэж үзнэ.
  • Ард түмний бүх нийтийн сонгуульд ялсан намын удирдагч Засгийн газраа бүрдүүлж кабинетаа өөрөө эмхлэн байгуулж, төрийн тэргүүнд танилцуулан УИХ-д оруулж итгэл хүлээлгэх санал хураалтаар дэмжлэг авмагц үйл ажиллагаагаа эхлэх заалтыг нэмж оруулах.
  • Шинээр бүрдсэн каби­не­тад болон том бодлогын асуудлаарх итгэл хүлээлгэх санал хураалтад УИХ-ын нийт гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээж чадаагүй тохиолдолд Ерөнхий сайд УИХ-ыг тараан шинэ сонгууль зарлах эрхтэй тухай заалтыг тодорхой хугацаатай суулгах.
  • УИХ-ын сонгуульт хугацаа дөрвөн жилээс илүүгүй байна гэсэн заалт оруулах
  • Төрийн яамдыг нэр заан тогтоож өгөх
  • Зөвлөхүүдийн танхимын гишүүдийн сонгууль болон танхимын бүтэц бүрэлдэхүүн, сэлгэх сонгуулийн талаарх ерөнхий заалтыг шинээр суулгаж өгөх
  • УИХ-ын дарга гэдэг статусыг хасч УИХ-ын ху­рал­д­ааныг даргалагч /Спикер/ гэдэг байдлаар өөрч­лөх. Ерөнхийлөгч ямар нэг байдлаар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд түүнийг спикер түр орлох тухай шинэчлэн тусгах
  • УИХ-ын хуралдааныг орлон даргалагчдын талаарх заалтыг шинэчлэн оруулах
  • Нам, эвсэл хэдэн гишүүнтэй бол бүлэг байгуулж болохыг шинэчлэн тогтоох
Энэ нийтлэлд одоогийн Үндсэн хуулийн Төрийн байгуулалын хэсэгт оруулбал зохих зарим тоймтой нэмэлт өөрчлөлтийн талаар товч өгүүллээ.  Хуулийн бусад бүлэгт байгаа хотын статусаас эхлээд буруу ташаа болсон зарим зүйл, заалтыг ч   нэг мөр шийдэх нь чухал болно. Ер нь манай улс төрийн системийг парламентын сонгодог хэлбэрт оруулахаас айж хулчигнаад, эсэргүүцээд байдгийн учрыг би олдоггүй юм. Энэ механизм чинь дэлхийн олон оронд ажиллаж үйлчилж чаддагаа хэдэн жаран, заримд нь зуу зуун жилийн хугацаанд харуулчихсан, амьдралаар шүүгдэж шалгагдчихсан эд.
Өнөөгийн УИХ муу муухайн үлгэр жишээ, ёс суртахууны уналтын туйл болж хувирсныг гишүүд нь ч  өөрсдөө  ил цагаан хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг  нэн яаралтай хийх шаардлагатай  байгааг давхар нотлон харуулна. Ёс суртахуунтай УИХ гарч ирэхийг хүлээгээд нэмэргүй, хий цаг хугацаа алдахын нэмэр. Учир нь УИХ өөрөө өнөөгийн Үндсэн хуулийн бүтээгдэхүүн юм. Тэр хооронд нь улс орон сүйр ч мэднэ. Ер нь УИХ сүрхий ёс суртахуунтай байсан үеийг би л хувьдаа санахгүй байна.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үг, үсэг бүрийг сонгогчдын санал асуулгаар шийдүүлнэ гэвэл бүр ч утгаа алдана. Ер нь энэ УИХ-ын гишүүд хэнийг төлөөлж суугаагаа ч мэдэхээ больчихсон юм биш биз. Манай парламентын засгийг өөрчлөн өөр засгийн хэлбэр авах гэж байгаа бол мэдээж санал асуулга хэрэгтэй. Өмнө нь санал асуулгаар ард түмэн Парламентын засгийг сонгосон. Харин түүнийг өнөөгийн Үндсэн хуульд хуульчилж хэлбэржүүлэхдээ олон алдаа гаргасан. Тэдгээрийг одоо засч янзлах гэж байгаа хэрэг. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаарх журмын тухай хуульд үг өгүүлбэр бүрээр нь санал асуулга авахаар тусгасан бол түүнийг “засгийн өөрчлөлт хийхэд болон улс орны язгуур эрх ашиг, хувь заяаг хөндөх  том асуудал”-д хамаарах байдлаар эхэлж  засч өөрчилбөл зохино.
Одоогийн УИХ энэхүү санал  болгосон гол тоймтой нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд суулган өгч  баталж чадвал манай засаглал парламентат ёсны жишигт нэлээд дөхөх төдийгүй УИХ-ын гишүүд маань АИХ-ын жалга довны депутатуудаас ч илүү гавъяа байгуулан түүхэнд нэрээ мөнхлөх нь дамжиггүй.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

1 comment:

  1. The hottest sites provide 24/7 customer service through a variety of|quite lots of|a big selection of} channels. Players have to have them out there all through the day to be successful success}. The buyer could need to have online contacts to communicate extra than just by 토토사이트 e-mail.

    ReplyDelete

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага