1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын тусгаар тогтносон улс байх, эсхүл Хятад улсын бүрэлдэхүүнд багтах тухай явуулсан бүх ард түмний санал асуулга юм. Энэ өдрийг Иргэдийн оролцооны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхыг санал болгоод хэдэн жилийн нүүр үзлээ. Үүнтэй холбогдуулан энэ түүхэн үйл явдлын талаар цөөн хэдэн зүйлийг үгүүлэхийг зорилоо.
Манай улс өөрийн тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн гадаад бодлогуудыг эрчимтэй явуулж байсан үе бол хүйтэн дайны (үзэл суртлын хуваагдмал байдал) эхэн үе буюу 1940-өөд оны дунд үе байлаа. Энэ үед хамгийн чухал нь хөрш орон болох дундад иргэн улсын засгийн газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага тулгарсан явдал юм.
Үүнээс үндэслэн манай тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр явуулсан байна.
Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд бүх ард түмний саналыг тус улсын нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай хэмээн заажээ. Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945.10.05-ны өдрийн 85 дугаар тогтоолд: санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор зөвшөөрөх буюу татгалзах хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар гэж заасны дагуу санал хураах ажил явагдсан байдаг.
Ингээд 1945.10.20-нд санал хураалт эхлэхэд Дундад Иргэн улсын засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй хүмүүс ирэн ажиглалт хийсэн байна. Санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20-нд өглөөний 06 цагаас оройн 23 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг явж яс үндэс, хүйс, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан БНМАУ-ын харъяат 18-аас дээш насныхан оролцож, тухайн өдрөө бүрэн дуусч, санал хураах төв комисс 1945.10.30-нд протокол үйлдэн, тогтоол гаргаж зху болон дундад иргэн улсын засгийн газарт хүргүүлжээ.
Ийнхүү санал хураах төв ба орон нутгийн комисс зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945.11.12-ны 100 дугаар тогтоолоор татан буулгасан байна.
Энэхүү ажлын үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хятадын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм.
Уг нот бичигт 1945 оны 10 сарын 20-нд гадаад монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь гадаад монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав гэжээ.
Ийнхүү монголын ард түмэн өөрсдийн асар их хүчин чармайлтын үр дүнд Дундад Иргэн улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
Энэхүү улсынхаа тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтанд сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98,5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан зөвшөөрөв хэмээн саналаа өгөн, татгалзсан хариу нэг ч гараагүй байна.
Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм.
1945 оны 10 сарын 20-нд гадаад монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүн
No comments:
Post a Comment