Monday, September 7, 2015

Монгол – Төвийг сахих

Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох. Энэ тухай нилээд бодлоо. Санал ч солилцлоо. Судалгаа дүгнэлт ч гаргуулж үзлээ. Энэ асуудлыг нийтээрээ тунгааж хөндөж ярилцах цаг нь ч болжээ.
Монгол хүн бүр л улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бататгах тухай бодож санаж явдаг. Түүнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Манай улсын хувьд төвийг сахих нь дээрхи эрх ашигт яв цав таарна гэж олон хүн үздэг. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байх үед ч, ардын болон ардчилсан хувьсгалын халуун өдрүүдэд ч энэ сэдэв яригдаж л байсан.
Төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр үндсэн хоёр төрөлд хувааж үзэх хандлага тогтжээ. Энэ статусын ангилал нь тухайн бодлогыг хэрэгжүүлж буй улс орны шийдвэр тунхаглалаас цэвэр хамаардаг. Дайны үед төвийг сахих бодлого гэж бий. Мөн байнга төвийг сахих бодлого гэж бий. Мөн идэвхтэй, идэвхгүй гэж нэрлэх нь ч бий. Дээрхи бодлогын нэр нь агуулгаа тодорхойлдог. Мөн тухайн бодлогын мөн чанар, зарчмыг илэрхийлсэн олон улсын харилцаанд мөрддөг гэрээ, хэлэлцээр ч бий.
Манай улсын хувьд “Монгол Улс нь байнга төвийг сахисан орон” гэж тунхаглаагүй нь үнэн. Гэвч манай гадаад бодлогын утга агуулга, хэлбэр, үйл ажиллагаа нь дурьдсан зарчимд бүрнээ нийцэж иржээ. Мөн бидний баталсан, нэгдэж орсон үндэсний болон олон улсын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь дээрхи бодлоготой зөрчилдөхгүй байгаа нь сайшаалтай. Тэр тусмаа манай улсаас хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээ хэлэлцээрийн утга агуулга, үг үсэгт дээрхи бодлого нарийвчлан тусгалаа олсон байдаг.
Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах тухай ярьж хэлэлцэхдээ бид юуны түрүүнд доорхи хүчин зүйлүүдийг бодолцох нь зүйтэй.
Нэг: Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Харин хэлбэрийн талд түүнийгээ тунхаглаагүй байгаа юм. Энэ бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна.
Хоёр: Манай улсын туулж ирсэн түүх, газар зүйн байршил, сонгож авсан замын онцлог, эрх ашигт төвийг сахих статусын зарчим, мөн чанар нийцэж байгаа юм. Уг бодлого нь тухайн оронд бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах боломж олгодог. Мөн бусад улс орон, олон улсын байгууллага ч тийм бодлогод хүндэтгэлтэй ханддаг.
Гурав: Олон улсын байдал, дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь бий. Харин төвийг сахих үйл ажиллагаа нь хамгийн тогтвортойд ордог. Учир нь уг статусыг хэрэгжүүлэгч улс оронд л тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг.
Байнга төвийг сахих гэж чухам юуг хэлж ойлгож байна вэ? Энэ нь дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого юм. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй. Энэ эрх нь ч уг бодлогын баталгаа, дархлаа болдог. Сонгодог төвийг сахигч Швейцарь улс л гэхэд Европтоо хамгийн чадварлаг, түргэн маневрлагч армитай орны тоонд ордог. Манай батлан хамгаалах бодлогын үндэс ч дээрхитэй нийцдэг.
Төвийг сахигч орны газар нутгийн халдашгүй дархан байдал олон улсын эрх зүйгээр давхар баталгааждаг. Үүнд агаарын болон усан хил нь ч ордог. Тийм орны газар нутагт бусад этгээдээс дайны үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Мөн дайтагч талын цэрэг зэвсгийг өөрийн нутгаар дамжуулахгүй байх эрх эдэлдэг. Энэ нь аливаа цэргийн эвсэлд гишүүнээр элсэх болон цөмийн зэвсгийн асуудалд ч хамаарна.
Дурьдсан байдлаар “төвийг сахих” статусын үндсэн зарчим томъёологдож хэрэгждэг. Хэдий тийм боловч энэхүү бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны хэлбэр нь тухайн статусыг тунхаглагч эзэн орноос л шууд шалтгаалдаг. Тайлбар нь ч адил. Нэг үгээр хэлбэл, тухайн статусыг тунхаглагч орон нь уг бодлого, үйл ажиллагаагаа дээрхээс улам тодруулж, эсвэл түүндээ тодорхой хүрээ хязгаар тогтоож хуульчлах, шийдвэрлэх, түүнийгээ зарлах тайлбарлах эрхтэй. Нөгөөтэйгүүр  уг статусын чанар нь тухайн орны идэвх санаачлагаас, түүний олон улсын нэр хүндээс бас хамаарна гэсэн үг.
Аливаа улс “байнга төвийг сахих” статусаа аль нэг орон, олон улсын байгууллагаар заавал дэмжүүлэх албагүй. Гэхдээ тийм статус зарлагч орныг олон улсын харилцаанд “төвийг сахисан улс” гэж үзэж, бүртгэл статистикт оруулдаг. Харин хөршөөсөө эхлээд уг асуудлаар ойлголцож, цаашид бусад орон, олон улсын байгууллагаас дэмжлэг авахыг эрмэлзэх нь зүй ёсны алхамд тооцогдоно. Бидний өвөг дээдэс аливаад гол ноён нуруу барьж хандахыг чухалчилдаг байсан. Шинэ цаг үед энэ уламжлалаа хадгалж нэг гартаа НҮБ-ын, нөгөө гартаа өөрийн дүрмийг барьж амьдрахыг эрхэмлэнэ гэсэн үг.
Монголын эрх ашигт нэгдмэл, залгамжтай, тодорхой гадаад бодлого бол ус агаар лугаа адил. Төвийг сахих статус нь бидний хувьд нэг талаар байгаа хүч боломждоо улам тулгуурлах, нөгөө талаар бусадтай идэвхтэй, уян хатан харилцахад тустай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл юм. Үүнийг олны амьдрал сургамжаар бүтээгдсэн нийтлэг үнэлэмж ч гэж үзэж болно. Бас манайхны хувьд боломж юм. Боломж байнга олдоггүй. Үнэт зүйл удаан төлөвшдөг. Энд бидний санаачлагатай, тууштай байдал чухал. Мөн дээрхи статус маань Монголоор төвлөх олон бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ч нэмэр болох нь гарцаагүй.
Монгол Улс байнга төвийг сахих. Энэ тухай цаашид зөвлөлдөж, ярилцаж, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь манай улсын эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Төвийг сахих статус болон түүний эрх зүйн байдал, зарим шаардлагатай мэдээллийг энэ бичвэрийн хавсралтад товч өгүүлсэн болно. Сайн үйлс улам дэлгэрч, Монгол минь мөнх оршиг ээ.
2015 оны 9 дүгээр сарын 7
Хавсралт
Энэ хавсралтад төвийг сахих статусын тухай, түүнийг олон улсын эрх зүйгээр хэрхэн зохицуулсан тухай, төвийг сахих статусын зарчмууд Монгол Улсын хууль, бодлогын баримт бичигт хэрхэн туссан тухай жишээ болгож сонгодог загвараас Швейцарь, сүүл үеийнхээс Туркменистаны байнга төвийг сахих статусын тухай товч лавлах материалыг оруулав.

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага