Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шууд ардчилал” иргэдийн
оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалт зөвлөлгөөн Төрийн
ордонд болж байна.
Зөвлөлгөөнийг нээж, УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, энэ УИХ орон
нутагт төсвөө бүрэн мэдэж зарцуулах эрх мэдлийг анх удаа өгсөн гэдгийг
хэлээд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай
шинэ хуулиар орон нутгийн өөрөө мэдэж зарцуулах хөрөнгө 2,5 дахин
нэмэгдсэн байна.
Орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр төсвийн
зарцуулалтад хяналт тавих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шууд
ардчилалыг хэрэгжүүлэх, ИТХ-ыг чадавхижуулж Үндсэн хуульд заасан эрх
мэдлээ хэрэгжүүлэх цаг болсон хэмээн дурдлаа. Түүнчлэн иргэдэд шууд зар,
мэдээллийг хүргэх нь шууд ардчилалыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр
гэдгийг онцоллоо. Цахим хуудсаар төрийн байгууллагын бүх мэдээлэл ил
тод, нээлттэй байхын зэрэгцээ “Багийн хурал болно” гэсэн зар биш Багийн
хурлаар юу хэлэлцэх гэж байгаа, асуудал нь ямар ач холбогдолтойг дурдсан
мэдээлэл тавьж байх нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой
гэж байв.
Төсвийн тухай хуулийг хэлэлцэж батлахдаа иргэдийн саналд тулгуурлаж байх
болсон тул хуулийн цаглабарыг баримталж байх үүргийг УИХ-ын дарга
З.Энхболд сургалт зөвлөлгөөнд оролцогсдод мөн санууллаа. Тодруулбал,
тухайн жилийн наймдугаар сараас хойш төсөвт санал авахгүй учир одооноос
төсөвт тусгуулах хөрөнгө оруулалт, иргэдийн саналыг авч ажиллах
хэрэгтэйг дурдав.
2013 оныг “Шууд ардчилал, иргэдийн оролцооны жил” болгосонтой
холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Шууд ардчилал”
Иргэдийн оролцоотой төсвийн менежмэнт үндэсний сургалт, зөвлөгөөнийг
Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ хамтран зохион байгуулж байгаа
юм. Дээрх зөвлөлгөөнд Төсвийн орон нутаг дахь эрх мэдлийн талаар
нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,
Иргэдийн оролцооны эрхзүйн асуудлыг боловсронгуй болгох талаар УИХ-ын
гишүүн Г.Батхүү, Төсөв ба Иргэдийн оролцооны талаар Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Шууд ардчилал, иргэдийн оролцооны
Бодлогын баримт бичгийн талаар МУИС-ийн ЭЗС-ийн багш А.Энхбат нар илтгэл
тавилаа.
Мөн Монголын шууд ардчилалд үзүүлж буй Швейцарийн дэмжлэг сэдвээр
Швейцарийн хөгжлийн агентлагийн орлогч дарга, нэгдүгээр нарийн бичгийн
дарга Елмер Дипак, Орон нутгийн төвшин дэх иргэдийн оролцооны загвар
төсөл АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Лендберг нар илтгэл
тавьсан юм.
УИХ-ын гишүүн Г.Батхүү Иргэдийн оролцооны эрхзүйн асуудлыг боловсронгуй
болгох талаар тавьсан илтгэлдээ, шууд ардчилал нь төр засгийн бүхий л
түвшинд ажиллаж буй удирдлагууд ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, үйл
ажиллагаандаа тусган, төрийн бодлого, мэдээлэл, үйлчилгээг цаг тухайд нь
шуурхай хүргэхээс эхлэлтэй. Харамсалтай нь өнөөдөр шууд ардчиллын
энэхүү гол зарчим бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна гэдгийг онцоллоо.
Орон нутгийг хөгжүүлэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, намаар талцах
бус манлайлагчаа удирдагчаар сонгодог боломжийг бүрдүүлэхийн тулд
сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай аж. Тиймээс Улстөрийн
намуудын тухай болон Сонгуулийн тухай бусад хуульд өөрчлөлт оруулахаар
ажиллаж байгаагаа Г.Батхүү гишүүн дуулгалаа. МУИС-ийн ЭЗС-ийн багш
А.Энхбат, 2012 оны 9 дүгээр сард Монголын Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын
шууд ардчиллын бодлогын баримт бичгийг баталсан гэлгийг дурдаад эдийн
засаг нийгэм хөгжөөд байгаа хурдыг яриад байна. Энэ бол эдийн засаг
нийгмийн хөгжлийн түвшинг харуулж байгаа гол үзүүлэлт биш. Цаашдаа
цомхон төрийн аппарат, гүйцэтгэх засаглал авилгагүй, хууль эрх зүй нь
ойлгомжтой энгийн, иргэдийн оролцоотой ил тод нээлттэй байх чиглэл рүү
явж байгаа гэдгийг хэллээ.
Сургалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг
хэллээ. Мөн "Сумын дүрэм"-ийн тухай, Орон нутгийн санал асуулгын журам,
Сумын удирдлагыг иргэдийн оролцооны аргаар сонгох нь, Цахим санал
асуулга, Нийтийн зар мэдээг түгээх журмын тухай асуудлыг тус бүрд нь
ярилцсан юм.
Манай улсад 1990-ээд оноос төлөөллийн ардчилал бий болж, УИХ, ИТХ,
иргэдийн нийтийн хурлыг сонгож, улс төр эдийн засгийн бүхий л шийдвэрийг
сонгогсдон төлөөлөгчид гаргаж ирсэн. Ингэж төлөөллийн ардчиллыг
дангаараа хэрэглэж ирснээс болж сөрөг үр дагавар ихээр гарах болсон.
Иймээс шууд ардчиллын тогтолцоог хэрэгжүүлэх шаардлаг гарч ирсэн юм.
Ардчиллын өөр өөр хэлбэр биш, бие биенээ нөхөж өгдөг төлөөллийн ардчилал
болон шууд ардчиллыг хослуулан авч явахгүй бол төлөөллийн ардчилал
мухардахад хүрдэг байна.
2011 оны намар Төсвийн тухай шинэ хуулийг батлан төсвийн орон нутаг
дахь эрх мэдлийг нэмэгдүүлсэн нь төсвийн шинэчлэлийн эхлэлийг тавьсан нь
шууд ардчиллын нэгэн хэсэг болж байга юм. Түүнчлэн Монгол Улсын
Ерөнхийлөгч 2012 оны есдүгээр сард "Шууд ардчилал- иргэдийн оролцоогоор
дамжуулан төвлөрийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны баримт
бичиг"-ийг баталсан юм.
No comments:
Post a Comment