Зууны мэдээ, 2016.04.13 №74 Д.ДОРЖПАГМА Би хэнхэг
Би хэнхэг. Үүнийгээ хэнээс ч нуудаггүй. Бусдын сайн сайхны төлөө дуугарахдаа үг харамладаггүйгээрээ харин ч омогшдог. Гагцхүү одоо олуулаа нийлээд өөрчлөх, бүтээх юмсаан гэсэн хүсэлдээ "шатаж" явна. Манай залуусын дийлэнх нь хурал, зөвлөгөөнд өвөө, эмээ нар л дуртайдаа очиж сууна биз, хэн тэгж хэнхэг царайлаад орон нутгаа хөгжүүлэх энэ тэр гээд яриад явж байдаг юм хэмээн ханддаг. Зарим нь бүүр ичдэг, зугтаадаг. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр надаар дутав гэж өөрийгөө өмөөрдөг.
Үнэндээ бид хэнхэг гэж хэлүүлэх вий гэсэн энэхүү хандлага, сэтгэлгээгээ тархинаасаа таягдан хаямаар байна. Энэ сэтгэлгээний "тээг" олон боломжийг үгүй хийж, олуулаа шийдэх гарцыг таглаж байна. Харин ч нас, зүс харгалзалгүй зөвлөлдөөд, дуу хоолойгоо хүргээд, санаачлага өрнүүлээд, хяналт тавиад явбал уулыг ч нурааж, усыг эргүүлж болохуйц хүч байна шүү дээ, бидэнд. Настайд нь туршлага, дунд үеийнхэнд нь бүтээмж, залуучуудад нь оргилсон эрч хүч, өсвөр үеийнхэнд нь шинэлэг санаа дүүрэн бий. Энэ бүгдийгээ хоршоод хороогоо, сумаа, аймгаа, дүүргээ, цаашлаад улсаа "өнгөлж", өөд татмаар байна. Бид асуудлыг зөвхөн сайд, дарга, гишүүд, төлөөлөгч шийддэг, энэ улс орныг хөгжүүлнэ, бидний амьдрал сайхан болно хэмээн бодож, итгэж, найдаж, хүлээсээр ирсэн. Гэвч ардчилсан нийгэмд хөл тавьснаас хойш дарга нарт найдаад хорин зургаан хаврыг үдэж байгаа ч байдал бараандуу.
Үндсэн хуулиар тамгалж өгсөн эрхээр бол дарга нар үнэндээ бидний төлөөлөгч, гүйцэтгэгч шүү дээ.
Ардчилсан гэж тунхагладаг орнуудад ч ийм хандлага хүчтэй давамгайлж, даргын эрх мэдлийг хувааж, иргэд рүүгээ шилжүүлж байна. Тэгснээрээ иргэн нь илүү хариуцлагатай болж, энэ улс орны хувь заяа бидний атганд буй гэсэн итгэл нэмэгдэж, ирээдүйгээ өөдрөгөөр цогцлоохын төлөө нэг ч шийдвэр буруу замаар явчиxвий гэж чихээ сэртийлгэж, нүдээ сортойлгож, хянадаг болж байна.
Манай улсын хувьд шууд ардчилал гайхалтай хөгжчихөөгүй ч иргэдийн оролцооны "цонх" нь аль хэдийнэ нээгдчихээд байгаа. Үүнийгээ харин хангалттай ашиглаж чадахгүй байна. "цонx"-ыг нь нээчихсэн юм чинь оролцоог тэлж шат ахиулсаар "хаалгыг" нь дэлгэж, Монгол орон даяар шууд ардчиллын "салхийг" нэвт үлгээлгэхийн тулд таны ч, чиний ч, миний ч дуу хоолой, хамтын хүч, оролцоо үгүйлэгдэж байна.
Хийчихээд байгаа нэгнээсээ санаа авч, хэрэгжүүлж буйдаа урам өгч, цаашид хамтдаа олон олон өөрчлөлтийг өрнүүлээсэй гэсэндээ сайн туршлагуудаас нийтлэлдээ онцлон шигтгэсэн юм. Xөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэд яах аргагүй содон жишээ. Тус сумынхан олон жил улс төсвөөсөө хөрөнгө илүүчилж, Их даваа, Зүүн даваа, Хөвөн давааг засч өгөх болов уу гэж горьдсоор ирж. Энэ даваануудын бартаа гэж тамтаггүй. Үерийн усанд эвдэрч, гүн цав ангалууд үүсч, машинтай байтугай явган явахад ч бэртэж гэмтчих гээд горьгүй.
Бидний л бэрхшээл, хамтдаа шийдье гэж зориглоод тус сумын 102 иргэн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчидтэйгээ зөвлөлдөн 3 хэсэгт хуваагдан, дээрх даваануудын 600 гаруй метр замыг өөрсдийн машин техникээ гаргаад чулуу, хайргыг зөөж засч янзалжээ. Нэг хүн ердөө 1000 төгрөг гаргаж хоол хүнсээ зэхсэн гэж байгаа. Ямар сайндаа тус сумын нэг иргэн "Ийм амархан хийчих байсан юм уу. Яах гэж хугацаа алдаж, үйлтэй, тамтай даваа шүү гэж үглэсээр ирэв дээ" хэмээн уулга алдсан гэдэг. Энэ мэт хамтын хүчээр шийдэх асуудлууд бишгүй бий. Хороо бүрт, баг болгонд, сум бүхэнд, дүүрэг бүрийд, аймагт ч олон нийгийн эрх ашгийг хөндсөн, бэрхшээлтэй зүйлүүд овоороостой.
Бас иргэд нэгдээд санаачлага өрнүүлж, хариуцлагыг чангатгах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, шийдвэрт тусгуулах ч бололцоо бий. Тэгэхээр иргэн таны оролцоо бүхэн Монгол Улсын хөгжилд үнэтэй байна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр бүгдийг төр хариуцах биш боломжтой болгоныг иргэд болон төрийн бус байгууллагуудаар хийлгэх давалгааг өрнүүлэхэд ч таны дуу хоолой хамгаас чухал.
Иргэдийн бодол санааг сонсох, бүтээн байгуулалтад гар бие оролцуулах, иргэнээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, иргэнээр дамжуулж иргэнд нөлөөлөх, шийдвэр гаргахад иргэдийн санал бодлыг тусгах хэлбэрүүдийг бодитоор хэрэгжүүлбэл ундраад байгаа асуудлыг цэгцэлж, ужгираад, бугшаад байгаа авлигыг халж, уруудаад байгаа эдийн засгийг өндийлгөх боломж байна.
Гэхдээ өнөөдөр бид төрөөс шаардаад суух биш бий болсон боломж, эрх зүйн орчноо ашиглаад олон зүйлийгөөрчилж чадна.
Жишээ нь, төсвийн бодлогод шинэчлэл хийж, Орон нутгийн хөгжлийн санг бий болгож, төсвийн эрх мэдлийн тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлсэн байгаа. Оршин суугаа газрынхаа асуудлыг тухайн иргэн л хамгийн сайн мэднэ. Юуг эхлээд хийвэл хэрэгтэйг хамгийн бодитойгоор эрэмбэлээд өгнө.
Тэгэхгүй бол яамны хэдэн мэргэжилтэнгүүд 10 жилийн сургуультай суманд сургууль дахин барина гэж оруулж байсан жишээ бий. Аймгийн төвөөсөө 30 гаруйхан км-ийн зайтай жижиг суманд 4 давхар сургууль хэрэгтэй гээд хөрөнгө тусгаж бариулсан гэдэг. Тэгтэл тэр сургуульд анги дүүргэлт 50 хувьтай, хоосон анги танхимууд цэлийгээстэй. Харин тухайн суманд сургууль биш гүний худаг хамгийн чухал хэрэгцээтэй байж. Гэтэл бодит амьдралыг мэдэхгүй, албан тасалгааны цонхоор хараад асуудал төлөвлөхөөр шийдвэр иргэндээ хүртээмжгүй, төрийн бодлого нь хүндээ наалдахгүйг харуулж буйн илрэл.
Төсөвтэй холбоотой эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр ямартай ч өнөөдөр сумын эмнэлгийн машины дугуй хагарахад Ерөнхий сайд шийддэгээ больчихоод байгаа. Ингэж бага ч атугай зохицуулалт хийснээр тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаад, иргэдийнхээ саналыг үндэслээд ямар асуудлыг түрүүлж хийхээ шийддэг болсон. Тэгэхээр асуудлыг өөрсдөө шийдээд, хэнээр хийлгэх вэ гэдгээ сонгон шалгаруулаад, хийж байх явцад нь иргэд өөрсдөө хяналтаа тавиад, үр дүнг нь хүртэх гарц нээгдчихээд байгаа.
Манай дүүрэгт барьсан цэцэрлэгийн барилгын чанар гэж хэрэг алга аа. Дөнгөж ашиглалтанд ороод л хана, тааз мөөгөнцөртөөд, цонхны дулаалга гэж огт байхгүй сийгээд, хүчтэйхэн салхинд дээвэр хууларчихаж гээд тоосон шинжгүй, нэг нэгэндээ хачирлаж яриад өнгөрч байна. Таны, бидний, монголчуудын татварт төлсөн мөнгөөр тийм чанаргүй зүйл барьчихаад, бяцхан үрсийг тань тийм орчинд хүмүүжүүлэх гэж байхад дуугүй өнгөрөх гэж үү.
Хэрвээ хорооны иргэн бүр баригдаж байгаа цэцэрлэгийн суурийг нь ухахаас эхлээд дуустал нь төлөөлөл томилон хяналт тавиад, ашиглалтанд ортол хараанаасаа мултлахгүй бол гүйцэтгэгч хулхидаж чадахгүй. Хорооны даргыг "найрч" чадах ч хорооны иргэн болгоныг урхидаж дөнгөхгүй. Тиймээс олон нийтийн хяналт гэдэг ийм л чухал юм. Ингэж ханддаг болчихвол дараагийн ажлыг гүйцэтгэх компаниуд хариуцлагатай байж нүд хуурахаа болино.
"Орон нутгийн хөгжлийн сан"-гийн төсвийг хэлэлцэхэд Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэд хамтаараа нэгдээд өөрсдийнхөө тулгамдсан асуудлыг түрүүлж шийдүүлсэн ойрын жишээ байна. Төсвийн тухай хуулийн 60.3.6.-д "орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ"-г орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглосон байгаа.
Сум, дүүргийн төсвийн хүрээнд 20 сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зоxион байгуулах үүд нээгдсэн. Түүнээс гадна худалдан авах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалт явуулах учиртай. Бас тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд иргэд өөрсдөө хяналт тавих боломжтой. Тэгэхээр бага гэж чамлалтгүй энэ мэт боломжуудаа өөрсдөө ашиглаж, цаашдаа улам тэлцгээе.
Иргэд нийлж байгаад тулгамдсан асуудлыг өөрсдөө тодорхойл. Нөөц бололцоондоо тулгуурлан шийдэх гарц хай. Тэгээд дүүрэг бүрт байгуулагдсан иргэдийн бүлэг, хэсгүүд нэгдэж холбоо болж, бүүр цаашлаад дүүргүүдийн холбоодын сүлжээ ч үүсгэн ажиллаж болохоор байна. Сум, аймагт ч ялгаагүй.
Та өөрийгөө хэнхэг гэж харагдана хэмээн хойш суугаад, хэн нэгэн хөгжүүлэх байлгүй гэж бусдад найдаад, за даа миний хэрэг юу байхав гэж өөртөө үл итгээд байвал сэмэрсэн тэрлэг шиг болсон Монголыг минь хэн бүтэн болгох юм бэ.
Би хэнхэг
No comments:
Post a Comment