Жэймс С.Фишкин: Зөвлөлдөх ардчилал Монголд амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байна
Хотын дарга Э.Бат- Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчилал Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрбээр зөвлөлдөх ардчилал буюу нийтийн төлөөллийн санал хураалтыг санаачлан, дэлхийн хэд хэдэн улсад амжилттай хэрэгжүүлсэн нэгэн.
Тухайлбал, АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай зохион байгуулжээ. Түүний манай улсад хүрэлцэн ирсэн гол зорилго бол зөвлөлдөх санал хураалтыг хэрхэн зохион байгуулах хийгээд ач холбогдлынх нь талаар зөвлөгөө өгч ажиллах юм байна. Жэймс С.Фишкин өчигдөр нийслэл, дүүргийн удирдлагууд, Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт "Зөвлөлдөх ардчилал" сэдвээр илтгэл тавилаа.
Зөвлөлдөх ардчиллын үнэ цэн нь аливаа бодлогод олон нийтийн санаа бодол тусч, зөв шийдэл гардагт оршдог байна. Нөгөөтэйгүүр иргэдийг зөв мэдээлэл, мэдлэгээр цэнэглэхэд ач холбогдолтой аж.
Тухайлбал, Япон улсад 2011 оны тавдугаар сард хэсэг иргэд тэтгэврийн тогтолцооны цаашдын асуудлаар зөвлөлдөх санал асуулгад оролцож, хэрэглээний татварыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна. Энэ нь цаад талдаа тэтгэврийнхний эрх ашгийг хамгаалахад чиглэжээ. Үүнтэй холбоотойгоор 2012 оны зургадугаар сард Японы парламентын доод танхим хэрэглээний татварыг нэмэгдүүлэх хуулийг баталж, дээд танхимдаа өргөн мэдүүлсэн байна. Мөн АНУ-ын Калифорни мужид улстөрийн хоёр нам хамтран шинжлэх ухааны 30 асуудлаар иргэдээс санал асуулга авчээ. Санал асуулгын дүнд хамгийн их дэмжлэг авсан зургаан асуудлыг төрийн байгууллагын ажлын гүйцэтгэл ба хариуцлагын тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сард тусгаж байжээ. Энэ мэтчилэн зөвлөлдөх ардчилал хэрэгжсэн орнууддаа амжилттай зохион байгуулагдсан тухай Жэймс С.Фишкин илтгэлдээ дурдлаа.
Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү аргыг ихэд олзуурхаж байв. Тэрбээр нийслэлд хэрэгжүүлнэ гэдгээ ч онцолсон. Энэ тухай хотын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ "Төр захиргааны үүрэг бол иргэддээ үйлчлэх. Дэлгүүр худалдан авагчийн эрэлтийг хангах бараа зарахгүй бол дампуурах аюултай. Тийм учраас дэлгүүрээ нээхийн өмнө маркетингийн судалгаа хийдэг. Хотын захиргаа ч бас иргэддээ үйлчлэхийн тулд ямар бараа гүйлгээтэй байх вэ гэдгийг мэдэж байх нь чухал. Өөрт нь үйлчилж чадахгүй байгаа төр захиргааны байгууллагад иргэд сэтгэл ханамжгүй байдаг. Түүнийг дагаад нийгмийн тогтворгүй байдал үүсч, ардчилал ч цохилтод орох аюултай. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн эзэнд арга байна, төр захиргааныханд харин арга олдохгүй байна. Иргэдийнхээ санал бодлыг бодлогод тусгахын тулд янз бүрийн арга санаачилж байгаа ч алдаж онож буй юм их бий. Энэ аргыг хэрэгжүүлбэл татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай хөтөлбөрт зарцуулахад тустай болно. Хоёрдугаарт, иргэд мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж, популизмд автаж байна.
Амь орж өгөхгүй байгаа төлөөллийн ардчиллыг амь оруулахад энэ арга нь сайн донор болно. Манайд ардчилал хөгжөөд 25 жил болж байгаа хэрнээ сүүлийн үед төлөөллийн ардчилал
нэр хүндээ алдсан. Яагаад гэвэл лоббид автчихсан. Лобби группууд ажиллаад л өөрсдийнхөө шийдвэрийг парламентаар, иргэдийн хурлаар гаргадаг болчихсон. Яг иргэд шууд оролцоотой хийдэг хороон дээрх багууд маань ажиллахаа больчихсон. Ингээд ардчиллын хоёр гол институт маань нэг нь нэр хүндээ алдаад, нөгөө нь ажиллахгүй байна. Тэгэхээр энэ зөвлөлдөх ардчилал гэдэг хэлбэрийгоруулжбайгаа юм. Энэ бол бидэнд хэрэгтэй. Тийм ч учраас Ерөнхийлөгч иргэдийн оролцоог чухалчлаад байгаа юм. Иргэдийн оролцоог лоббинд автахаас хамгаалах ёстой. Лоббичид их соргог, овсгоотой. Хэсэг хүнийг бүрдүүлээд шийдвэр гаргуулах гэхээр тэд аль хэдийнэ очоод лоббидчих аюултай. Тиймээс бодит шийдвэр гаргахын тулд хүмүүсийн дундаас төлөөллийг санамсаргүй байдлаар түүвэрлэн сонгох ёстой. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх ардчилал бол ямар нэгэн лоббигүй ардчилал. Тэгэхээр манайд амин чухал хэрэгтэй болчихоод байгаа юм" гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой асуудлаар АНУ-ын Стэнфордын И х сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор, Стэнфордын Зөелөлдөх Ардчилал Төвийн захирал Жэймс С.Фишкинтэй ярилцлаа.
-Тухайн улс оронд зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлэхийн тулд юуг түлхүү анхаарах ёстой вэ. Ямар нэгэн байдлаар амжилтгүй байх тохирлдол бий юу?
-Амжилтгүй болно гэж байхгүй. Энэ бол удаан хугацаанд хийгддэг ажил болохоор ихээхэн хөдөлмөр шаарддаг. Стэнфордын Зөвлөлдөх Ардчилал Төв нь шинжлэх ухаанчаар иргэдийн саналыг сонсох чиглэлийг хөгжүүлэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд ажилласаар ирлээ. Зөвлөлдөх санал асуулгыг Ази, Европ, Африкийн улс орнуудад туршиж, амжилттай хэрэгжүүлсэн байгаа. Тиймээс яагаад Монгол Улсад хэрэгжиж болохгүй гэж. Бодит үр дүнд хүрэхийн тулд хамгийн гол нь аргачлалаа зөв сонгох хэрэгтэй. Үүний дараа шинжлэх ухаанч судалгаагаар олон нийтийн санаа бодлыг илүү бодитоор авч болно.
-Санал авах аргачлалаа дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
-Зөвлөлдөх санал асуулгын үндсэн бүрэлдэхүүн бол аргачлал юм. Нийтийн саналыг авах асуудлаа эхлээд сонгоно. Тухайлбал, хотын захад байдаг сургуулиудыг хаах уу эсвэл нүүлгэх үү гэдгийг иргэдийн саналаар шийдэхээр болсон гэж бодъё л доо. Уг асуудл ыг сайн мэддэг мэргэшсэн экспертүүдийн баг байна. Тэд эсрэг, тэсрэг үзэл бодлыг баримталдаг^Зарим, нь уг асуудлыг дэмжиж байхад нөгөө хэсэг нь эсэргүүцдэг байх жишээний. Ийм ондоо бодолтой мэргэжилтнүүд тухайн асуудалтай нарийн танилцаад хоорондоо мэтгэлцсэний үндсэн дээр санал асуулгын хуудас боловсруулна. Ингээд санамсаргүй түүврээр сонгосон 200-300 хүнийг байлцуулж байгаад асуултаа өгч бөглүүлнэ. Тэд нэг удаа санал өгөөд зогсохгүй. Эхний өгсөн санал нь дүгнэгдээд байж байна. Хоёр дахь удаагаа санал өгөхийн өмнө хэлэлцүүлэгт оролцоно. Тэр олон хүнийг дотор нь хэсэг бүлэг болгоод хуваадаг. Хэлэлцүүлэгт оролцогчид өөр хоорондоо яагаад энэ асуудпыг дэмжиж, дэмжихгүй байгаагаа ярилцана. Тэгээд асуулт боловсруулна. Тухайн асуудлыг мэддэг экспертүүд дээр очиж асууна. Ингэж хамтарч ярилцаж дуусчихаад хэлэлцүүлгийн дараа дахиад санал асуулгаа бөглөнө. Ингээд хэлэлцүүлгээс өмнөх эхний санал дараагийн санал ихээхэн зөрүүтэй гардаг. Яагаад гэвэл санал хураалтад оролцогчид мэдээлэлтэй болчихоод санал асуулгад оролцохоор асуудалд хандах хандлага ньөөрчлөгдөж, бодит дүн гардаг гэсэн үг. Тэгэхээр эхний санал асуулгаар сургуулийг хаахыг 46 хувь дэмжиж байсан бол хоёр дахь саналын дараа 84 хувь болох жишээний. Мэдээлэл дээр үндэслээд санал асуулгад оролцохоор ийм дүн гарлаа гэдгийг шийдвэр гаргачдад өгдөг. Үүнийг л аргачлал гээд байгаа юм. Ийм үр дүнтэй аргыг хэрэглэхийн тулд улс орнууд иргэдийнхээ дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулдаг. Санал асуулгад санамсаргүй сонгон авсан иргэдийн төлөөллийг түлхүү оролцуулахад чиглэх ёстой гэнэ. Үүний дараа санал асуулга явуулахаас өмнө тухайн оролцогчдод хэлэлцэгдэж байгаа асуудлаар тэнцвэртэй мэдээлэл өгөх нь чухал. Дараагаар нь оролцогчдын саналыг асуулгын хуудсаар авснаар санал асуулгын үйл ажиллагаа дуусдаг. Улмаар үр дүнг нь нэгтгэн анализ хийж, хэвлэл мэдээллээр мэдээлдэг.
-Санал асуулгад оролцогчдын шийдвэр улс төрийн хүчний нөлөөлөл болон лоббичдоос яаж хамгаалах вэ?
-Оролцогчдын дунд УИХ-д юм уу, орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж байгаа хүмүүс байхгүй. Тэднийг санамсаргүй байдлаар түүвэрлэн сонгодог болохоор ямар асуудалд санал өгөх гэж байгаагаа нэг, хоёр хоногийн өмнө л мэддэг. Хэлэлцүүлгийн үеэр ажиглагчид байдаг. Тэд үг хэлэх эрхгүй. Зөвхөн үйл явцыг харж болно. Тэднээс гадна хэлэлцүүлэг явуулдаг мэргэжлийн хүмүүс байгаа. Мөн шүүгч маягаар оролцдог хүмүүс ч бий. Асуудлыг илүү нухацтай, ухамсартайгаар иргэд хоорондоо ярилцах бүх бололцоог тэгш хангаж өгдөг.
-Зөвлөлдөх ардчилал манай улсад хэрхэн амжилттай хөгжих бол?
-Монгол Улсын ардчиллын хувьд бүс нутагтаа амжилттай явж байгаа орнуудын нэг. Тэгэхээр намуудын өрсөлдөөн ардчилалд хэрэгтэй. Гэхдээ намуудын өрсөлдөөнд зөвлөлдөх ардчилал тус болдог. Учир нь засаглалыг сайжруулдаг. Иргэдийн юу хүсч байгааг мэдэж, тэрэн дээр үндэслэн шийдвэр гаргахаар засаглал сайжирдаг. Мэдээж, намуудын өрсөлдөөн байгаа ч зөвлөлдөх санал асуулга нэлээд үр дүнтэй болгож өгдөг. Жишээлбэл, Япон, Австрали улсад намуудын өрсөлдөөн байдаг. Эдгээр улсад зөвлөлдөх санал асуулга, зөвлөлдөх ардчилал маш үр дүнтэй байсан. Гэхдээ намууд нь огт өрсөлддөггүй. Хятад ч бас энэ зөвлөлдөх санал асуулгыг явуулсан. Маш амжилттай хэрэгжсэн. Яагаад гэвэл тэнд шийдвэр гаргах процесс нь олон нийтэд нээлттэй, тэдний оролцоог хангасан байгаа учраас засаглал илүү хөгждөг. Тиймээс Монголд ч амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
No comments:
Post a Comment