Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан Том төрөөс ухаалаг төр уруу сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Уг зөвлөлдөх уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нээж үг хэлсэн бөгөөд Энэ уулзалтаар амжилт ололтоос илүү алдаа, тулгамдаж буй асуудал, хөгжилд хүрэх арга замыг тодорхойлох нь чухал гэлээ. Үндэсний хэмжээний уг уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл нийт 800 орчим хүн оролцож байгаа бөгөөд Үндэсний зөвлөлдөх уулзалтын хүрээнд таван салбар хуралдаан хуралдах юм.
Үндэсний зөвлөлдөх уулзалтыг санаачлагч Ц.Элбэгдорж мөн өнөөдөр оролцогчдод хандан үг хэллээ. Тэрбээр Монгол Улс дэлхийн улсуудтай харьцуулахад аль түвшинд байгааг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргасан судалгаанд үндэслэн тайлбарлалаа. Тэрбээр Монгол Улсад тулгамдаж буй асуудал нь нэг Засгийн газар, улс төрийн аль нэг нам, төрийн байгууллагын шийдэх зүйл биш. Энэ бол бид бүгдийн дундын зовлон. Үүнийг хамтдаа шийдэх ёстой. Үндэсний зөвлөлдөх уулзалт хийж байгаагийн зорилго нь эдийн засгаа хэрхэн өсгөх, төрөө яаж тогтвортой байлгах вэ гэдэгт чиглэж байгаа гэсэн юм.
Ерөнхийлөгч үг хэлж дууссаны дараа зөвлөлдөх уулзалт таван салбар хуралдаанаар үргэлжилнэ. Тодруулбал, Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулах юм байна. Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах аж. Ингээд нэгдсэн хуралдаан 17.00 цагт эхэлж салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдтэй танилцснаар зөвлөлдөх уулзалт өндөрлөнө.
Үндэсний зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын хөгжлийн ойрын ирээдүйн замын зургийг гаргах үндэс суурь тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байгаа. Уулзалтын үеэр цахим шуудан, и-мэйл, сошиал медиагаар дамжуулан иргэд оролцож санал бодлоо илэрхийлэх боломжтой байгаа юм.
Дэлгэц дүүрнээр харахыг хүсвэл энд дарна уу. : Том төрөөс ухаалаг төр уруу
No comments:
Post a Comment