Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ оролцоог хангаж, санал авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажил өнөөдрөөс эхэллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулж, төсвийг үр ашигтай зарцуулан, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм. Иргэдийн оролцоог хангаж, санал авахаар өнөөдөр, маргааш нийслэлийн өрх бүрт тухайн хороонд шаардлагатай ажлыг 5 чиглэлээр жагсаан бичсэн дараахь саналын хуудсыг 152 хороогоор өрх бүрт тараана. Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргээс сонгон будна.
Харин хорооны ажилчид 11 сарын 7-10-ны өдрүүдэд саналын хуудсыг цуглуулан нэгтгэж, зориулалтын автомат машинд уншуулснаар хамгийн олон санал авсан ажлуудын нэрсийг гаргана. Ингээд тухайн ажлуудыг ирэх оны төсвийн төсөлд оруулах эсэхийг 11 сарын 12-14-ний өдрүүдэд хороо бүрт зохион байгуулах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээр нийслэлийн удирдлагууд иргэдтэй нээлттэй хэлэлцэх юм. Энэ ажлыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар боловсруулж байна.
No comments:
Post a Comment