Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Баясахтай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс байнга төвийг сахих бодлого хэрэгжүүлнэ” хэмээн ээлжит бус чуулганд оролцохдоо зарласан. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Хоёр хөршөөс ирж байгаа шахалтыг зөөлрүүлэхийн тулд гадаад бодлогоо тодорхой зарлах шаардлага үүссэн юм болов уу. Яг ямар учиртай юм бол оо гээд сонирхож байна. Төвийг сахина гэдэг нь яг юу гэсэн үг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс байнга төвийг сахина” гэдгээ зарласан. Төвийг сахих бодлого Монголын гадаад бодлогын хөгжлийн шатанд гарч ирж байгаа зүйл. Монгол Улс 1990-ээд онд Орос, Хятадтай тэнцвэртэй бодлого барина гэдгээ зарласан. Тэр цагаас хойш УИХ-аас хоёр ч гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Эхнийхийг нь 1993 онд, хоёр дахь бодлого 2011 онд батлагдсан. Уг бодлогод юу заасан бэ гэхээр хоёр хөрштэйгээ харилцахыг нэгдүгээрт тавьсан. Энэ тохиолдолд гадаад бодлого босоо тэнхлэгээр явж байгаа байхгүй юу. Судлаач хүний хувьд Монголын гадаад бодлого хэвтээ тэнхлэгээр явах ёстой гэж үздэг. Ингэж байж хөгжлийн харьцаа үүснэ. Хэвтээ тэнхлэг гэдэг нь Европын холбоо, зүүн талд Ази номхон далай БНСУ, Япон, Америк орныг хэлж байгаа юм.