Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны
25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын 2015 оны 9 дүгээр
сарын 13-ны өдөр /Ням гараг/-ийн Хүндэтгэлийн
хуралдааны гар тэмдэглэлээс
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн (Улсын Бага Хурлын гишүүн байсан) Байнга төвийг сахих бодлогын талаар хэлсэн үгээс:
...Монгол Улс байнга төвийг сахих бодлоготой орон болъё. Өмнө нь би дотоод асуудлаар, улс төрийн харилцаатай холбоотой асуудлаар хоёр зүйл хэлсэн бол одоо гадаад бодлоготой холбоотой асуудлаар нэг зүйлийг хэлье гэж бодсон юм. Ер нь бидний өвөг дээдэс гол ноён нуруутай бодлого гэж ярьдаг байсан. Төрийн бодлого бол голыг нь олсон, голчийг нь олсон, ноён нуруутай байх ёстой шүү гэдэг чинь явж төвийг сахих бодлого байж л дээ. Та бүхэн өвөг дээдсийнхээ бичсэн, үлдээсэн өв хөрөнгө, ном зохиолоос уншаад үзээрэй. Бидний ээж, аав ч хоорондоо ярьж байдаг. “Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй байх юмсан” гэж. Явуулж байгаа голч бодлогоо энгийн амьдрал дээр аваад ирэхээр саяын үгээр хэлдэг байсан юм.
Тэгэхээр миний хэлж байгаа байнга төвийг сахих бодлого гэдэг нь ямар бодлого вэ? Ямар бодлогын тухай саяхан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж зөвлөмж болгосон бэ? Энэ бодлогыг цаашаа хэрэгжүүлж явах шаардлагатай гэж ямар бодлогыг хэлсэн бэ гэдэг талаар хэдэн зүйл хэлье. Байнга төвийг сахина гэдэг бол эхлээд, зарлаад хаячихгүй ээ л гэсэн үг. Энэ бодлогоо тууштай, идэвхтэй хэрэгжүүлнэ л гэсэн үг. Үүнийг бид ингээд орхихгүй ээ гэж хэлж байгаа юм. Энд би таван нөхцөл байдлыг дурдаж хэлье.
Нэгдүгээрт, сүүлийн 25 жил Монгол Улсын хэрэгжүүлсэн бодлого бол бүхэлдээ сая миний хэлдэг бодлогын агуулга болж хэрэгжиж иржээ. Зарим хүн асууж байгаа. Монгол Улс ийм бодлого зарлаад эхэллээ, юу өөрчлөгдөв? Ямар юм солигдов гэж. Тэгвэл юу ч өөрчлөгдөөгүй. Бид нэртэй юмыг нэрээр нь нэрлэж байгаа юм. Бид агуулгыг нь 25 жилд бүтээсэн, хэрэгжүүлсэн. Одоо нэрийг нь өгч байгаа юм. Бид нар сүмээ барьсан бол нэрийг нь бичиж байгаа юм. Бид нар сонинд юм бичсэн бол нэрийг нь өгч байгаа юм. Бид нар хүүхдээ төрүүлсэн бол нэрийг нь өгч байгаа юм. Ямар нэг гэнэтийн болсон зүйл байхгүй. Бид нэртэй юмны нэрийг нь зарлаж байгаа юм.
Бид олон тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Бид энхийг эрхэмлэх бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бол төвийг сахих бодлогын амин сүнс нь байдаг. Бид Гадаад бодлогынхоо үзэл баримтлалд бичсэн, Цэргийн бодлогынхоо үзэл баримтлалд бичсэн. Үндсэн хуульдаа бичсэн. Бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа бичсэн. Хэрэв манай улсын эрх ашигт халдахгүй бол бид бусдын эрх ашигт халдахгүй. Хэрэв манай улсад цэрэглэн халдахгүй бол бусдын эрх ашигт цэрэглэн халдахгүй. Бид өөрийнхөө эрх ашгийг хамгаална. Энэ бол төвийг сахих бодлогын үндсэн зарчим.
Бид цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж зарлаж байна. Энэ бол төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Бид социализмын үеэс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний идэвхтэй гишүүн байж ирсэн. Энэ бол төвийг сахих бодлогыг олон улсын хэмжээнд Монгол явуулж байсан байдал. Үнэхээр бид нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх ёстой гэж бид байнга зарладаг. Үүнийгээ хадгалж үлдэх бодлого бол энэ төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Тийм учраас ямар шалтгаанаар, ямар учраас ийм бодлого ярьж эхлэв гэдэг эхний нэгдүгээр шалтгаан энэ байгаа юм.
Хоёрт, миний харж байгаагаар төвийг сахих бодлого бол хамгийн тогтвортой бодлого юм байна. Хамгийн олон жил төвийг сахиж яваа улсын түүх бараг 400 жилээр тоологдож байна. Дэлхийн дэг журам янз бүрээр л өөрчлөгдсөн байх. Олон улсын дэг журам янз бүрээр өөрчлөгддөг. Одоо ч өөрчлөлтийн үйл ажиллагаа явагдаж байна. Цаашдаа ч өөрчлөгдөх болно. Харин төвийг сахисан бодлого хамгийн тогтвортой явж ирсэн байх юм.
Дээрээс нь энэ бодлогын бас нэг сайн чанар бол бид өөрсдөө л зарлаж байгаа. Монгол Улс зарлаж байгаа шүү, өөр хэн ч биднийг шахаагүй. Бидний өвөг дээдэс 1910 онд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлаж байхдаа Төвийг сахисан бодлоготой болох тухай ярьж байсан. 1920 онд Ардын хувьсгал хийж байхдаа төвийг сахисан бодлогын тухай ярьж байсан. 1990 онд бид шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байхдаа төвийг сахисан бодлогын тухай ярьж хоорондоо энэ тухай хэлэлцдэг л байсан. Бид нар өнгөрсөн 25 жил энэ бодлогоо бүтээж хийсэн. Үүнийгээ гаргаж ирж байна.
Тэгээд хамгийн сайн зүйл нь энэ бодлогыг зарлаж байгаа улс орон энэ бодлогынхоо тухай өөрөө л тайлбарладаг. Монгол Улс л тайлбарлана, өөр хэн ч бидний өмнөөс тайлбарлаж байгаа тайлбар бодит зүйлд нийцдэггүй. Тэгэхээр Монгол Улс тайлбарладаг. Тэгээд олон улсын эрх зүйгээр төвийг сахисан бодлого гэдэг бол давхар баталгааждаг зүйл юм. Энэ бол бусадтай тэнцвэртэй харилцах, маргаантай асуудал дээр бид нар маш тодорхой байр суурьтай байх энэ боломжийг бидэнд олгож байгаа юм. Ийм учраас Монгол Улс төвийг сахисан бодлого гэдэг нэртэй юмыг нэрээр нь нэрлээд явъя.
Гуравдугаарт, энэ төвийг сахисан бодлогоор монголчууд өөрийн хүчинд найдаж бусадтай нээлтттэй харилцаж хөгжих боломжид тулгуурлаж цаашаа явья. Нэг үе бид Марксизм-ленинизм гэж явсан. Дараа нь ардчилал, зах зээл гэж явсан. Ерөнхийд нь авч үзвэл энэ бол тодорхойгүй, үзэл баримтлалын түвшний зүйлүүд шүү дээ. Хэрэгждэг тодорхой зарчимтай, гэхдээ улс орнууд өөр өөрийн онцлогоор авч явдаг ийм зүйл. Тийм учраас бид тодорхой бодлоготой болж байгаа хэрэг. Тэгээд төвийг сахисан бодлого гэдэг бол тодорхой чадавх шаарддаг. Монголчууд юуг тойрч нэгдэх вэ гэж ярьцгаадаг байсан шүү дээ. Би энэ тухай зарим намын дарга нар, бүлгийн дарга нартайтай зөвлөлдсөн. Энд ажиллаж байсан олон хүмүүстэй, мөн судлаачидтай зөвлөлдөж ярилцсан. Тэгэхэд Монголын эрх ашигт болохгүй байна ийм зүйл нэг ч гарч ирээгүй. Үнэхээр хэлэх цаг нь болсон, ярих цаг нь болсон ийм бодлого юм. Монгол хүн монгол хүндээ найдъя, монгол хүн монгол хүнээ дэмжиж ажиллая.
Өнөөдөр Монголд Ардын намын Монгол гэж байхгүй, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Монгол бол нэг л байгаа. Тийм учраас нэг Монгол, нэг монголчууд нэгдмэл зорилгынхоо төлөө улс орноо хөгжүүлэхийн төлөө, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө, ерөөсөө газар нутагтаа бүрэн эрхээ эдэлж, сайн сайхан хөгжихийн төлөө зүтгэе. Төвийг сахисан бодлого гэдэг бол явж хөгжлийн бодлоготой уялдаж байгаа юм. Эдийн засгийн бодлоготой уялдаж байгаа юм. Зөвхөн гадаад бодлоготой биш, улс төрийн бодлого, цэргийн бодлого, нийгэм, олон улсын харилцаатай уялдаж байгаа юм.
Дөрөвдүгээрт миний хэлэх гэсэн нэг зүйл бол төвийг сахих бодлоготой холбоотойгоор арми, зэвсэгт хүчний асуудал нэлээн гарч ирж яригддаг. Төвийг сахисан бодлоготой улс орнууд өөрийн гэсэн армитай, өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй байгаа. Гадны халдлагаас өөрийгөө хамгаалах чадавхтай байх хэрэгтэй. Энэ чадавхаа бид нар бий болгох хэрэгтэй. Бид өнөөдөр арми, цэрэг, зэвсэгт хүчнээ ийм чадавхтай гэж үздэг. Дээрээс нь НҮБ болон бусад улсаас тусламж хүсэх эрхтэй. Тэгэхээр энэ бүхэн бол манай цэргийн бодлогын үндэстэй нийцдэг юм.
Ер нь манай батлан хамгаалах салбар гурван бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж би боддог. Улс орноо батлан хамгаалах бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Ард иргэдээ энэ үйлст зориулж бэлдэх ёстой. Дэлхий нийтэд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой. Тэгэхээр энэ гурван бодлого бол манай батлан хамгаалах болон цэргийн бодлогын үндэс болж явдаг. Энэ нь эргээд түрүүчийн хэлсэн төвийг сахих бодлогын суурь болж байгаа юм. Гол агуулга нь эндээс гарч байгаа юм. Тэгэхээр үүнийг би өнөөдөр Монголын парламентын 25 жилийн ойн дээр бид нар 25 жил явж ирсэн зүйлээ улс төр сайн муу, алдаа оноогоо цаашаа яаж засах вэ, ямар бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ зарлаж байгаа энэ үед би түрүүчийн хоёр бодлоготойгоор үүнийг дамжуулж оруулж зарлаж байгаа юм.
Тавдугаарт, төвийг сахих бодлого гэдэг бол гадаад бодлогын үндсэн чиглэл байдаг. Гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогогүйгээр байхгүй. Тийм учраас энэ бол Монголын бодлогын хоёр тал юм. Төвийг сахисан бодлогыг бусад нь дэмжвэл бид баярлах болно, дэмжихгүй байлаа гээд эндээс болохгүй юм ерөөсөө гардаггүй. Тухайн улс орон л тухайн бодлогодоо засвар оруулах, тухайн бодлогоо зогсоох, тухайн бодлогоо үргэлжлүүлэх, тухайн бодлогоо тайлбарлах эрхтэй байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсан. Ойрын өдрүүдэд манай Засгийн газрын зүгээс төвийг сахих бодлогыг дэлхий нийтэд, олон улсын хэмжээнд зарлах байх.
Дараа нь Монгол Улс байнга төвийг сахих бодлогын тухай хуулийг Улсын Их Хуралд оруулж ирж батлуулна. Ингээд олон улсын түвшинд бид бусад оронтай хамтарч идэвхитэй ажиллах болно гэдгийг энд би хэлье гэж бодож байгаа юм. Энэ төвийг сахих бодлогыг явуулснаар Монгол Улс олон зүйлд өмнө нь явуулж байсан зуучлалын үйл ажиллагаа, эдийн засаг, санхүү, бусад зүйлүүд Монголыг анхаардаг, Монголд ажиллая гэсэн олон бодлогыг идэвхжүүлэхэд энэ бодлого хэрэг болно. Энэ хэрэгтэй юм гэж үзэж байгаа гэдгийг энд хэлье гэж бодож байна. Өнөөдөр энэ түүхэн гэж хэлж болохоор ойг тэмдэглэж байгаа энэ өдөр би гурван зүйлийн тухай маш тодорхой ярилаа. Хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг хэрхэн бүрдүүлэх вэ? Гүйцэтгэх засаглалын бүтээлч, тогтвортой үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ? гэдгийг ярилаа. Монгол Улсын гадаад бодлогын үндсэн нэг зарчим болж хэрэгжиж ирсэн зүйлийг албан ёсоор статус нэрийг нь өгч тайлбарлаж хэллээ.
Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх нь манай ард түмний эрх ашигт бүрнээ нийцэх зүйл гэж би бодож байна. Тийм учраас эдгээр зүйлүүдийг зөвхөн яриад өнгөрөх биш, энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн төлөө бид идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ер нь Монголын ард түмний хөгжил дэвшил биднээс л шалтгаална. Монголын ард түмнээс, монгол хүнээс өөрөөс нь хамгийн их шалтгаалах болно гэдгийг би энд хэлэх нь зөв байх...
Эх сурвалж : 25 жил: Өмнөхөө дүгнэж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, хийж хэрэгжүүлэх түүхэн боломж
No comments:
Post a Comment