Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Баясахтай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс байнга төвийг сахих бодлого хэрэгжүүлнэ” хэмээн ээлжит бус чуулганд оролцохдоо зарласан. Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Хоёр хөршөөс ирж байгаа шахалтыг зөөлрүүлэхийн тулд гадаад бодлогоо тодорхой зарлах шаардлага үүссэн юм болов уу. Яг ямар учиртай юм бол оо гээд сонирхож байна. Төвийг сахина гэдэг нь яг юу гэсэн үг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс байнга төвийг сахина” гэдгээ зарласан. Төвийг сахих бодлого Монголын гадаад бодлогын хөгжлийн шатанд гарч ирж байгаа зүйл. Монгол Улс 1990-ээд онд Орос, Хятадтай тэнцвэртэй бодлого барина гэдгээ зарласан. Тэр цагаас хойш УИХ-аас хоёр ч гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Эхнийхийг нь 1993 онд, хоёр дахь бодлого 2011 онд батлагдсан. Уг бодлогод юу заасан бэ гэхээр хоёр хөрштэйгээ харилцахыг нэгдүгээрт тавьсан. Энэ тохиолдолд гадаад бодлого босоо тэнхлэгээр явж байгаа байхгүй юу. Судлаач хүний хувьд Монголын гадаад бодлого хэвтээ тэнхлэгээр явах ёстой гэж үздэг. Ингэж байж хөгжлийн харьцаа үүснэ. Хэвтээ тэнхлэг гэдэг нь Европын холбоо, зүүн талд Ази номхон далай БНСУ, Япон, Америк орныг хэлж байгаа юм.
-Босоо тэнхлэгээ түлхүү барихаар хоёр хөршийн нөлөө илүү орж ирж байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Монгол Улс 2000 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д ажиглагчийн статустай болсон. Тэр үеэс өнөөг хүртэл ажиглагчийн статусаа барьж ирсэн. Хоёр хөршийн зүгээс “Энэ байгууллагад гишүүнээр элс” гэдэг шахалт үзүүлдэг. Азийн таван улсаас ШХАБ-д ороогүй цөөн орон бий. Нэг нь Туркместан. Туркместан улс 1995 онд Монгол Улсын нэгэн адил төвийг сахих бодлого барина гэдгээ зарласан. Энэ жишгээр бид НҮБ-ын индэр дээрээс зарлачихаар ШХАБ-ын гишүүнээр элсэхгүй байх боломжтой.
Туркменистан яагаад энэ байгууллагад ороогүй вэ гэхээр эрчим хүчний хурц асуудлууд гарч, том улсуудын дунд хэлмэгдчих гээд байсан тул төвийг сахина гээд зарлачихсан. Энэ нь их зөв шийдвэр байсан. Энэ айлын ганц баялаг нь байгалийн хий. Түүнийгээ зарснаар Туркменистан хожиж байгаа. Бид хоёр хөрштэйгээ ойртоод ирэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсчихож байна. Одоо хөрөнгө оруулалт сэргэнэ. Санхүү эдийн засгийн төв болох бололцоотой. Зөв өөдрөг тийшээ явна гэж ойлгох хэрэгтэй.
- Хэдэн улс төвийг сахина гэж зарласан байдаг вэ?
-Цөөхөн. Азид манайх анхных боллоо. Европт Швейцарь, Швед, Төв Азид Туркменистан байна.
-Аль нэг эвсэлд орохгүй, аль нэг улсыг дагаж туйлшрахгүй гэсэн үг.
-Ерөнхийлөгч ээлжит бус чуулганд оролцохдоо “Би нэрийг нь өглөө, Монгол Улс төвийг сахих бодлогыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн” гэсэн утгатай үг хэлсэн. Одоо л зарлаад байгаа болохоос түүх нь нэлээн эрт юм болов уу гэж бодогдуулсан. Энэ тухайд тодорхой баримт байдаг уу?
-Төвийг сахих бодлогын түүхийг сурвалжлах юм бол 1920, 1930-аад онтой холбогдоно. Тухайн үед Цэвээний Жамсран, Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж нар “Швейцарь лугаа адил улс болно” хэмээн ярьж байсан. Харамсалтай нь, тэр үед зарлах боломж олдоогүй. Одоо шинэ боломж нээгдлээ. Ардчилсан орон гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Ирэх жил Монголд АСЕАМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Гадаад ертөнцөд Монголын нэр хүнд өндөр шүү дээ. Дотроо л хөлөө ололцохгүй байгаа болохоос биш.
-Төвийг сахих бодлого барина гэхээр хоёр хөршөөс эдийн засгийн хувьд боох гэдэг ч юм уу шахалт үзүүлдэг болов уу?
-НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр зарлаад дэлхийн 180 гаруй орны төлөөлөгч гараа өргөчихөөр гүйцээ шүү дээ. Монгол Улсын сонголтыг хүлээн зөвшөөрч байна гэдэг л юм хэлнэ.
No comments:
Post a Comment