Tuesday, October 20, 2015

Төвийг сахих нь

Монголын талд хэн байна вэ?
Огт хошигнолгүйгээр эхлэхэд сэтгүүл зүй бол хамгийн ихээр төвийг сахихыг шаарддаг юм. Гэвч амьдрал дээр яадаг билээ дээ. Үйл явдлын эргүүлэг дунд төөрөлдөх, хэлбийх нь олонтаа, дээр нь байгаа мэдээллийн агуулга хэмжээнээс их зүйл хамаардаг, өөрөөр хэлбэл “төвд” тэнцвэр барьж чадах эсэх нь субьектив шалтгаантай байдаг. Ур чадварын хувьд тусдаа асуудал л даа, ер нь сэтгүүл зүй утга зохиолоос ялгаатай нь мэдээлэл олох, боловсруулах нь нийт ажлын 90 хувь, харин найруулах, “гоё бичих” бол үлдсэн 10 хувь юм даа.


Ерөнхийлөгч “Төвийг сахих” санаачлага дэвшүүлсний дараа аядуугаар хэлэхэд нийгмийн хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж байна. Шударгаар хэлбэл хэрүүл шуугиан болж байна. Нэг талаас нийгэм хямарсны шинж, улсын тэргүүн юу ч хэлж байсан нулимдаг энэ эрээ цээргүй явдал бол ямар ч ардчиллаар тайлбарлаж болшгүй утгагүй эд л дээ. Үүнийг тэгээд улс гэр гэх үү? Бас улс төр гэх үү?

Хэрэв ийм санаачлага гарсан бол шинжээчид, судлаачид, тоймч, нийтлэлчдийн зэрэгцээ эрх барьж буй болон идэвхтэй сөрөг хүчин, эрх барилцагч намуудын удирдлагууд өөрсдийгөө бодлого тодорхойлоход оролцдог гэдгээ ойлгодог л юм бол албан ёсны байр сууриа зарчмын хувьд илэрхийлэх ёстой. Гэтэл тэд дуу гаргахгүй болохоор дуртай сонирхогчийн амны зугаа болж байгаа юм. Эцсийн дүндээ энэ нь хямралыг өдөөгөөд шийдэлгүй үлддэг. Зөөлнөөр хэлэхэд аль ч нам асуудлаа эрэмблэх чадваргүй байгаа хэрэг. АН ч үүнд хамаатай, учир нь ”Ерөнхийлөгч тэртэй тэргүй манай намын хүн” гэж тооцох нь бүдүүлэг логик, хуулиараа Ерөнхийлөгч “АН-ын хүн биш”. Тиймээс ийм зааг ялгааг байнга барьж байх ёстой.

Сүүлийн хоногуудад ямарваа айлчлалын сонин хачинг сонсоход ч, дипломатуудын хүлээн авалтын үед ч ярианы нэг гол сэдэв нь “Монголын төвийг сахих статус” гэгч болсон байна. Гадаад улс орнууд, хөршүүд энэ санаачлагыг маш их анхаарч сонирхож байна. Францын элчин сайд Ив Дэлүнэ гуай “Гадаад бодлогод батлах нь чухал биш, хэлэлцэх нь чухал, хэрэв хэлэлцүүлэг идэвхтэй байгаа бол сайн хэрэг” гэж байна.

Харин дотоодод олонхи санаа бодлыг харахад асуудалд хандах хандлага нь хэт субьектив юм, жишээ нь би “арчилсан-либраал” хүн, АН-ын гишүүн гэвэл АНУ-ын талд л байх ёстой, эсбөгөөс би Элбэгдоржид дургүй, би Орост хайртай, МАН-МАХН-ын “угшилтай комнийст” тиймээс “Төвийг сахих нь буруу” гэсэн логик гаргалгаанууд л мэдрэгдээд байна. Үүнээс болж хэлэлцүүлэг олонхдоо хаа байсан Путлер, Обама сармагчингийн тухай сэтгэгдлээр дуусч байна, энэ хэнд хэрэгтэй вэ? Хамгийн гол нь монгол нь хаана байна аа? Эхлээд “Монголын тал” болчихоод асуудалд хандвал арай дээргүй юу?

Ахиад “Хүйтэн дайн” уу?

Дэлхийн “II хүйтэн дайны босгон дээр” байгаа гэлцэж байгаа нь үнэн. Оны эхээр ОХУ-ын “Россия сегодня” агентлагаас манай агентлагийг ШХАБ-ын орнуудын голлох хэвлэл мэдээллийн байгууллагуудын хуралд оролцохыг урилаа. Манай агентлагаас гадаад мэдээлэх хэлтсийн дарга оролцсон, ирээд өгсөн тайланд дурдсанаар бол оролцогч орнууд ялангуяа зохион байгуулагч ОХУ-ын агентлагаас “Шинэ хүйтэн дайны” нөхцөл байдал үүссэн гэж үзэж, ШХАБ-ын орнууд үүнд нэг тал болж идэвхтэй ажиллах санал гаргаад, цаашид хурлыг тогтмолжуулж санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ тал дээр Оросууд нэн идэвхтэй байна.

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын гол агентлагууд, буурь суурьтай хэвлэлүүд, телевиз радиогийн удирдлагууд, тоймчид оролцсон энэ хуралд “Монцамэ” ажиглагч,  төвийг сахигч л байсан. Ямар нэгэн хандлага илэрхийлсэнгүй ээ. 

ШХАБ-ын нөгөө талд АНУ-д ч суртал нэвтрүүлгийн ажлыг орхигдуулсан, ялалтандаа эрдэж давуу талаа алдсан гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Хувьчилсан агентлагуудын хувьцааг худалдаж авах, төрийн мэдлийн агентлагуудыг чадавхижуулах ажлыг эрчимтэй хийж байна. Үүнд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглахыг хөхүүлэн дэмжиж байна. 

Хэдий төсөв хүндрэлтэй байгаа ч “Монцамэ” хэвлэлийн захиалгыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сайтаа хоёр ч удаа шинэчилж орчин үеийн түвшинд дөхүүллээ.  Хэдийгээр сард 10 сая хандалт авах зорилго тавьсан ч чадсангүй, 8 саяас бууж дунджаар 6 сая дээр тогтож байна, гэхдээ оргил үедээ эрэмбээрээ 131 800-д хүрэв. Оросын “РИА Новости” 93 мянгад байхыг бодоход Хятадын “China daily”-г давсныг харахад овоо дэвхэрсэн авч хөрөнгө оруулалт тасалдсанаас алдчихлаа л даа. 

Гэвч Японы “Nikkei” гэрээ хийх санал тавьж манай сайтад рекламны баннераа байршуулах болсон нь өөрөө нэр төрийн баталгаа юм. Мэдээллийг хүргэх талд анхаарч орлогоо рекламнаас олдог системд шилжиж байгаа ч хямрал нэрвэж л байна. Хамгийн гол нь “Монцамэ”-г монголд мэддэггүй, байдаг юм уу л гэх юм. Хандалтын ердөө 1,5 хувь нь л дотоодоос байдаг. 

Гэхдээ “Монцамэ” гадаадад мэдээлэх чиг үүрэгтэй учраас дотоод сурталчилгаа хийж болдоггүй, хуулиар хориотой “зэвсэг” болчихоод байна. Гэвч агентлагийн гадаад чиглэлтэй мэдээлэл яаж ч байсан “төвийг сахих” чиг шугамаас хазайх боломжгүй байгаа нь манай гадаад бодит нөхцөл байдлыг илтгэдэг.

Тооцоогүй шалтгаанАвч буй мэдээллүүдийг уншаад миний л бодох нь Монголд “Төвийг сахих” нэг том шалтгаан байна. Энэ бол хоёр хөршийн хэт ойртолт юм. Ийм үед манай гадаад бодлогод томъёолсон “гуравдагч хөрш” маань одоо бодит байдалд “хоёрдогч хөрш” болж байна. 

Коммунизмын үедсэн бол үүнийг “Хэт их жанжлагч Америкийн империалистуудын санаархлыг тас цохихын тулд ах дүү Орос-Хятадын ард түмэн ган бат найрамдлын гэрээ байгууллаа” л гэж мэдээлэх байсан биз.

Монголыг тойрсон энэ хөршүүдийн нягтрал нь Монголыг хатуухан амтай бахинд хавчуулж байгаагаас ялгаа юун. Газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй, экспортод ашигт малтмал  зонхилсон Монголын хувьд энэ нэг их таатай ойртолт биш ээ. Наад зах нь манай нүүрсний экспорт огцом хумигдаж буй нь цэвэр хоёр хөршөөс шалтгаантай. Өөрөөр хэлбэл манай хойгуур байршилтай нүүрсний ордуудаас өмнөд хөрш нүүрс авч байна. Нэгэнт хоёр хөршийн эрх ашиг ийм байгаа бол бид яах вэ? Тэд биднээс эрх ашгаа асууна гэж үү? Өөр зах зээл, өөр зам хайхаас аргагүй. 

Өмнөд хөрштэй ярилцаж тохиролцоод энэ байдлыг зөөллөх алхам хийж БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлалын үеэр Монголоос тээвэрлэх нүүрсний тээврийн тарифыг “нэн таатай” нөхцлөөр тогтоов. Нэн таатай гэдэг нь бараг дотоодын тарифаас хямд гэсэн үг. БНХАУ-тай хиллэж байгаа бүх орноос манайх л ийм хэлэлцээрт хүрч чаджээ. 

Үүний дараа манай Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Германы канцлерт “Манай нүүрс Оросоос гадна өөр замаар Европт хүрэх боломжтой болсон” гэж хэлснийг “Бид нүүрсээ Оросоор дамжуулахгүй гэж хэллээ, Оросуудыг гомдоож байна” гэж мушгиж бөөн шуугиан дэгдсэн. Шалгаж үзэхэд уг сурвалж нь “Россия сегодня” агентлагийн мэдээ байсан ба хоёр өгүүлбэрийн байрыг сольчихсон тул ингэж мушгихаар болжээ. Анхдагч эх сурвалж нь Германы Засгийн газрын албан ёсны сайтад байсан, тэнд бүх яриа бүрэн эхээрээ байсныг орчуулж залруулав. Уг нь Ерөнхийлөгч нүүрсээ л зарах гэж яваа нь тэр шүү дээ. Гэтэл Монголд ийм л юм болж байв.

Өнгөрсөн зууны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн явцад бидэнд “Төвийг сахих” боломж өчүүхэн ч байгаагүй юм. Монголчууд их ухаантайдаа, эсвэл тэнэгтээ коммунизмыг сонгосонгүй ээ. Сонголт биш тулгалт байсан юм. Үүний улмаас өмнөд хөрш БНХАУ хүйтэн дайны жилүүдэд хамгийн хүнд дарамтыг умардаас л авч байсан, тийм ч учраас өнөөгийн Хятадын цэргийн долоон тойргийн дөрөв нь Монгол Улсын хилийн өмнөд бүсэд байдаг.

Монголчууд коммунизмыг сонгосон нь тусгаар тогтнолын тулгуур болохын хувьд Умард хөршөө л дагасан хэрэг. Тэгж яривал БНХАУ ч коммунист улс, чухамдаа 1990-ээд онд дэлхий дахинд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн давалгаанд Монгол улс хамрагдахдаа мөн л Умард хөршид гарсан өөрчлөлтийг л дагасан. Түүнээс коммунизмдаа үнэнч байж өмнөд хөршөө дагаагүй. Хэрэв ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхлээгүй бол, Зөвлөлт гүрэн задран унаагүй бол бид ардчиллыг сонгох байсан уу? гэж асуугаад бодоод үзэх л хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр ч олон хүн манай тусгаар тогтнолын гол тулгуур бол Орос гэж үздэг хэвээр, энэ нь ч бас үнэн.

Энэ бол хоёр хөршийн хооронд, бүр коммунист системийн доторх явцуу орчин дахь манай гадаад улстөрийн тоглолт, тэнцвэрийн түүх юм. Төр улс оршин буй цагтаа эрх ашгаа л урьтал болгодог, хэдийгээр хүний нийгэм хөгжсөн гэдэг ч байгалийн хатуу ширүүн хуулиар л амьдрал үргэлжилж л байна. Орост дэглэм ямраар тогтоно, монголд тийм л байсаар ирсээр XX зууныг туулсан даа. 

1990 онд Ардчилсан хувьсгал ялсны дараа Монголчууд дэлхий нийттэй бүх талаар нээлттэй харилцах боломжтой болсон. Гадаад бодлогод ч энэ бол хамгийн том өөрчлөлт байсан юм. Үүнийгээ бид “гуравдагч хөршийн бодлого” гэж нэрлэж тогтсон. Тэр цагаас манай гадаад орчин хамаагүй өргөжин тэлсэн.

Гэвч бид хоёр хөршөөсөө хаашаа ч холдохгүй. Монголчууд тусгаар тогтнол аюул занал учирвал өмнөд хөршөөс л учирна гэж үздэг. Панмонгол үзэл гаргахдаа үргэлж Өвөрмонголын асуудлыг ярихаас буриад, тува, уул алтай, халимагийн тухайд аядуу хандлагатайг бүгд л мэднэ. Хэзээ ч Оросууд Монголыг эзэлнэ гэдэггүй. Чухамдаа 200 мянган цэрэг нь байрлаад, арми нь өмнөд хөрштэй хийх дайнд “өөрийн үүргийг гүйцэтгэх хэмжээнд” шүдээ хүртэл зэвсэглээд байсан тэр үед хэн ч “эзлэгдлээ” гэж бодож байгаагүй юм. Үнэндээ тэгэхэд гараад л явчихсан шүү дээ. Энэ бол том итгэл найдвар үлдээсэн үйл явц байсан.

Дэлхийн шинэ дэг журам нэг туйлт системээс олон туйлт системд шилжих ёстой гэж хоёр хөрш маань дуу нэгтэй хашгираад эхэлсэн энэ үед Монголчууд яах ёстой вэ? Хоёр хөршийн зөрчил дунд тусгаар тогтнолоо хамгаалж, хадгалж ирсэн улс нөгөө зөрчил нь намжаад гар гараасаа барилцаад нэг зорилгод нэгдээд эхэлбэл бид яах вэ? Энэ халуун тэврэлтийн дунд бид хайлчих юм биш биз? Хоёр хөрш хамтдаа туйлын нэг талд гарчихаад “хоёр туйлт дэг журам”-аа бидэнд тулгаад эхэлбэл яах вэ?

Үүлэн чөлөөний нар шиг гадаад эдийн засгийн, улстөрийн орчны таатай нөхцөл арилж байна. Энэ нь дэлхийн улстөрийн нөхцөл байдалтай холбоотой. Эцэстээ манай эдийн засагт ч нөлөөлж эхэллээ. Орос орон түүхий эд экспортлогч болохоос импортлогч биш, тиймээс эдийн засгийн хувьд хуучин “худалдан авагч маань” манай өрсөлдөгч болж хувирсан байна. Энэ их том өөрчлөлт. 25 жил ертөнц энэ хэвээр явах юм шиг найрлаж суусан үе өнгөрч байна. Өнгөрсөн 25 жилд Монголчууд Хятадын хүчирхэгжлийг болгоомжлон харж, Орос буцаж тэнхрээсэй л гэж залбирч суусан. Яагаад гэвэл жингийн тулгуур нэг тийш савлан унахаас болгоомжилсон.

Хятадын нөлөөллийг хаахын тулд хуучин ЗХУ-ын орон зайг “гуравдагч” хөршүүдээр яаж ийгээд дүүргэхийг л хичээж байсан. Асуудлын гол ардчилалдаа ч биш, тусгаар тогтнолын баталгаа нь ардчилсан дэглэм учраас бид өнөөдөр ардчиллаас, эдийн засгийн либерализмаас яаж ч хүсээд ухарч болохгүй. Гэвч Орос буцаад хүчирхэгжихдээ тулбал Хятадыг тулан өндийнэ гэсэн прогноз манайд байсан уу? гэдэг л хамгийн чухал асуулт байхгүй юу. 

Энд бидний алдаа байсан юм биш биз? Сүх далайтал үхэр амар гэгч болчихгүй байгаа гэсэн сандрал л манай нийгмийн маргааны цаад сэдэл болоод байгааг анзаарах хэрэгтэй шүү дээ. Ийм нөхцөлд өмнөхийн адилаар бүр “нэн шинэ түүхийн (сүүлийн 25 жилийн)” уламжлалаар маргаад, мэтгэлцээд суух цаг үлдсэн үү?

Дэлхий дахинд улсаа төлөөлдгийн хувьд Ерөнхийлөгч, түүний институц, гадаад хэргийн яам энэ талаар шийдэл олох үүрэгтэй улс. Дээр нь стратегийн болоод бусад судалгааны хүрээлэнгүүд, ҮАБЗ бүгд Ерөнхийлөгчийн институцтэй илүү ойр ажиллаж байгааг бид бүгдээрээ мэднэ. Түүнээс Ц.Элбэгдорж гэдэг нэг “бие хүн” жаахан шаналж байгаад нэг л өглөө “Төвийг сахина” гээд шийдчихсэн хэрэг биш шүү дээ. Энд эрхбиш ардчилсан, тусгаар улсын төрийн институциуд ажиллаж байгаа шүү дээ. Тэр ч байтугай ямар ч дарангуйлагч шийдвэр гаргахдаа ямагт мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж мэдээлэлд тулгуурладаг.

Хямрал, ялангуяа нийгмийн оюун санааны хямралын цаад шалтгаан нь “айдаст” үндэслэсэн байна. Тиймээс хийрхэл түргэн зуур тархаж байгаа бөгөөд аливаад шүүмжлэлтэй хандах, ингэхдээ эрүүл ухаанаа хадгалах тэр чадвар нийгмийн өргөн хүрээнд үе үе алдагдаад байгааг ажиглаж болно. Мөн энэ “аймшигт асуудал” тун удалгүй мартагдаж байгааг ч анзаарч болно.

Ийм үед тунгаан бодоцгооё та минь. Төвийг сахих гэж юу вэ? Судалцгаая. Бидний мэдэх бараг цорын ганц жишээ Швейцарь. “Үлгэрлэвээс Швейцарь лугаа хөгжих” Ж.Цэвээний эшлэлээс өөр юуг бид мэдэх вэ? Дэлхийн сүүлчийн дайны өмнөх Швейцарь, өнөөгийнхөөс ялгаатай юу? Ядаж Швейцарь өнөөг хүртэл “Төвийг сахисан” хэвээрээ юу? гэдэгт олон хүн хариулж чадахгүй хэрнээ “Төвийг сахих” боломжгүй гэж дүгнэх хэрэг юун. 

Орос-Хятадын эвсэл буюу манай нэг, хоёр дахь хөрш манай гуравдагч хөршийн “толгойлогчийг” сөрж байгаа нь найдвартай юу, баттай бол хэдий болтол? Энэ эвсэл ямар нөхцөлд оршин тогтнох бол, ямар нөхцөлд сарних бол, ямар нөхцөлд батжин бэхжих бол... гэх мэтийг тооцох л цаг.   

Ийм үед нэг л зүйл дээр хүмүүс нэгдэх юм, хэзээ ч өмнөд хөрш манай тусгаар тогтнолын баталгаа биш, тэндээс л аюул учирч мэднэ гэдэгт. Энэ бол түүхэн шалтгаантай.  Ингэж нэгдсэн атлаа яг тусгаар тогтнолын баталгаа хэн бэ? гэхээр ОХУ, АНУ гэж талцаж байна. Нэгдэл байна, талцал байна, харин одоо талцлаа шийдэх ёстой. Гэхдээ аль нэгний талд биш Монголынхоо талд байх нь чухал.

Өмнөд хөрш

Ерөөсөө өмнөд хөрш муу муухайн үүр уурхай монголыг залгих гэж бүхнээ зориулдаг улс ч биш, манай найрсаг хөрш. Чухамдаа өнөөгийн нөхцөлд Хятадын талаас харвал Монгол улс бол Оросоос халхавчлах бас л буфер. Өмнө дурдсанчлан цэргийн тойргуудаа огт өөрчлөлгүй хагас жарныг үдэж байна. Ю.Цэдэнбалын үе шиг юу юугүй Умард хөрштэйгээ эвсээд, хил дээр нь зэр зэвсэг хангинуулаад, өвөрлөгчид рүү ухуулга хийгээд байхгүй, түүхэн нутгийн маргаанаар хийрхээд байхгүй, амар амгалан, цатгалан хөрштэй байхыг Хятадууд ч бодож байгаа. 

Нөгөө талаас харвал АНУ хэдийгээр манай гуравдагч хөрш гэдгээ зарласан ч түүхэн ой санамжаараа “Монголыг” биднээс өөрөөр төсөөлдөг улс. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хэнри Кессинжер Дэн Сяопинээс “Та Америкийн тухай ямар бодолтой байдаг вэ? гэж асуухад “Нас нь залуу байна, дүгнэхэд эрт байна” гэсэн гэдэг.

Англи хэлтнүүд Хятадыг “China” гэдэг энэ бол Чин гүрний үед “нээсэн” гэсэн үг. Гэтэл Оросууд “Китай”, Испани “Cathay” буюу манай Кидан гүрний нэрээр нэрлэдэг. Америк “ой санамжаар” бол Монгол нь Чин гүрний нэг хэсэг, Оросууд л салгаж тоглоомын улс байгуулсан гэж үздэг. Энэ ойлголт коммунизмын сүүл үеийн ЗХУ-БНХАУ-ын зөрчлийн үед Хятадтай ойртсон АНУ-ын албаныхны авсан ойлголт. АНУ бий болж байхад гүүдэлчдийн сүүлийн эзэнт гүрэн Зүүнгарын хаант улс Чингийн мэдэлд орж байсан давхцал бий. Америк “ухаан суухад” Монгол Улс гэж байгаагүй. Тиймээс China, Cathay гэдэг үгийн ялгаа нь л их зүйлийг өгүүлдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй улс, 200 гаруй жилийн түүхтэй гүрний л ойлголцлын ялгаа шүү дээ. Харин Орос, Хятад хоёр хөрш маань олон зуу, олон мянган жилийн түүхийнхээ туршид сайн, муугаа үзэлцэж явсан учраас яаж ч тоглосон эрхбиш эртний үндэстэн улсын үлдэл болохыг ямагт санасаар байдагт бидний “нэр төр” оршдог. 

Үүнтэй адил бид Хятадыг мэддэггүй, нарийвчилж судлаагүй, 70-аад жил “төмөр хэрэмний ард” байснаас орчин үеийн судалгаа дутмаг, тэр ч байтугай Хятад хэлний нэршил зүйгээ ч зөв тогтоогүй учраас удирдагчийнх нь овгийг хүртэл Си, Ши гэж өөрөөр бичдэг болчихсон ийм л улс. Хятадад өчнөөн асуудал байна, ялангуяа өмнөд тэнгисийн бүсэд хөршүүдтэйгээ асуудалтай байна. Амар мөрнөөс Амдо, Казахын хил хүртэл тархан суусан Хятадын харъяат монголчууд энэ уудам тал нутгийн хаа нэгтэй нэг хот айл Хятадын нүүрсний машинд няц дарууллаа гэдгийг сэтгэл нэгтэй сонсож байдаг. Хэрэв тэд түрхрэн хөдөлбөл нэг өөртөө засах оронд биш Хятадын хамгийн эмзэг гурван өөртөө засах орныг самууруулах боломжтой.

Хуучин стратегийн баримт бичгийг харахад манай арми өмнөд хөрштэй муудалцвал хоёр үүрэгтэй. Зүүнбаянгийнх хориглох, харин Өвөрхангайн дивиз болоод баруун тойрог Ланжоугийн чиглэлд давших. Манай хилийн баруун өмнөдөд ХАЧА-ийн баруун жигүүрийн хамгийн гол тойрог Ланжоугийн цэргийн тойрог байдаг. Эндээс Төвд, Шинжаан дахь цэргийг удирддаг, Шинжааны тойрог гэж байдаггүй юм. Сүүлийн үеийн мэдээллээр энэ тойрогт сөнөөгч онгоцны таван хороо, бөмбөгдөгч онгоцны нэг хороо байна. Бүтцийг харвал хориглолтын шинжтэй, онгоцнууд нь Оросын МИГ 21, 24-ийн хувилбар загварынх. Хэрэв бөмбөгдөгчид дайрагчид олон бол давшилтын шинжтэй байх ёстой. Эндээс нэг дүгнэлт гарна.

Харин манай хойд хилийн дагуу дандаа тусгай хороо, сумангууд байршсан байна. Тусгай гэдэг нь химийн, цөмийн гэх мэт төрөл цэргийнх. Хэрэв өмнөд хөршөөс Монголд довтолж, Оросын хилд ойртдог юм гэхэд монголтой хятадтай нь ниргэчих хүч бий. Лав л одоохондоо цэргийн аюул занал бага байна, гэхдээ юмыг яаж мэдэх вэ? гэж цэргийг мянган өдөр тэжээдэг биз?

Өмнөд хөршийн цэргийн шинжээчид “Монголын армийн зэвсэг хуучирсан, гэхдээ дайны нөхцөлд бэлтгэгдсэн 8000 гаруй хүнтэй цомхон армитай, жил бүр болдог олон улсын “Хааны эрэлд” (яг оносон орчуулга нь “Хааны сорил” юм) цэргийн сургуулилт нь манай улсад аюул занал учруулахгүй, Монголчууд л зальжин зангаараа үүгээр дамжуулж эдийн засгийн сонирхлоо хангаж авахыг эрмэлзэж байгаа хэрэг, одоохондоо Америкчууд газар нүхлээд эсвэл сансраас монголыг хамгаалах технологитой болоогүй” л гэсэн байдаг. 

Хэрэв уншигчид хүсвэл Хятадын олон улсын шинжээч Сун Гоатаогийн бичсэн “Зүүн хойд Азийн дөрвөн орон” номын “Хэлж болдоггүй нууцууд” нэртэй дөрөвдүгээр бүлгийг цувралаар тавьж болно. “Монцамэ” агентлагаас дэлхийн улс орнууд ялангуяа хөрш орнуудад гарч буй Монголын талаарх мэдээ мэдээллээр Засгийн газрыг хангах ажлыг Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ажил авмагцаа эхлүүлсэн, энэ хүрээнд манай тоймч Ц.Сүрэнжав энэ номыг орчуулсан болно. Энэ номоос өмнөд хөршийнхөн Монголын талаар ямархуу ойлголттой, судалгаатай, төсөөлөлтэй байдгийг мэдэх, мэдрэх боломж бас бий юм. Сайн ч юм бий, муу ч юм бий. Эндээс хардлага ба бодит байдлыг нийлэгжүүлэх боломж бий.

Манай арми хуучирсан Т-54, 55 танкуудаа Т-72 болгон өөрчилсөн байна. Танкийн биатлонд оролцож байгаа нь түрүүлэх эрмэлзэлдээ ч биш Монголын арми энэ танкийг ашиглаж сурсан гэдгийг л харуулах зорилготой нь ойлгомжтой. Хятадууд өөрийн T-80 танкаар оролцдог ч Оросын танкийн л сайжруулсан хувилбар. БТР-60 хуягт тээвэрлэгчид маань БТР-80 болсон ба агаараас эсэргүүцэн хамгаалахад “Печора 125” пуужингийн систем нэвтэрсэн байна. Одоохондоо манай боломж энэ, угаасаа дайнд бэлтгэж байгаа биш. Бас таван МИГ 29-ийн захиалга өгсөн, Боингтой хийсэн онгоц худалдан авах гэрээний цаана цэргийн тээврийн онгоц авах асуудал бий гэх мэтийг л ярьж байгаа шүү дээ. Оросууд яахав дээ, “Монголын ганц нисдэг тэрэг уначихаж, Ерөнхийлөгч нь уурлаад Батлан хамгаалахын сайдаа буудчихсан чинь бүх сум нь дуусчихжээ” маягийн онигоо л шидэлцэж суугаа.

Өөр аймаар юм юу байна?

Нэгэнт цэргийн аюул ийм төвшинд байгаа бол Монголд өөр энэ талын аюул тун бага шүү дээ, хоёрхон хэт их хөрштэй юм хойно. Тэднийг даваад маньд хүрдэг хэн байх вэ? Хүн амын олонх шашингүйн үзэлтэй, манай хасгуудыг муслим энэ тэр гэдэг ч тэдний дотор ч шашингүйн үзэл жин дарна, нарийндаа буддизмыг шашингүйн үзэлд хамруулдаг тал байна, Монголын буддизм бол бүр прагматик учраас шашны зөрчил байхгүй. Хүн амынх нь үнэмлэхүй “монгол буддист” учраас бусад шашныг “үл тэвчих” уламжлал алга. Улстөрийн хямралтай байгаа ч гэсэн хэн ч дарангуйлагч тоталитар байтугай авторитар дэглэмийг сурталчилдаггүй, үнэндээ нийтлэгээрээ ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, зарим нэг гажуудлыг засах, их холдоо үндэсний эрх ашгийг дөвийлгэх, өөрийн орны онцлогийг харгалзан үзэх уриа л бий.

Эдийн засгийн хувьд ч гэсэн либерализмыг эрс шүүмжилдэг хүчин байхгүй, гагцхүү “Бороо  ба Сентерра” гоулд, “Туркойз хиллс”-тэй хийсэн ашиг багатай гэрээг л шүүмжилж байна, бид ингэх эрхтэй. Чухамдаа “барууны хөрөнгө оруулагч” далбаан дорх тэдний энэ ааш авир нь зарим талаар улстөрийн болон эдийн засгийн эрх чөлөөний үзэл-либерализмын нэр хүндийг бас гуравдагчдын маань нэр нүүрийг унагаж, биднийг цөхрөөж байгаа нь үнэн. Барууныг шүүмжлээд Хятадыг орхилоо энэ тэр гэдэг ч тэднээс бусад нь Япон, Өмнөд Солонгос, Европын хөрөнгө оруулагчид сайн л нэртэй байгаа. Зөвхөн тэднийг шүүмжлэхээс илүүтэй бид өөрсдийгөө, тэдний идэш болсон авилгачдаа хатуу шүүмжилж, шийдвэртэй тэмцэх ёстой. Хэдийгээр бид амихандаа их л үймж бужигнаж буй мэт авч яг үнэндээ ийм л асуудлууд байгаа шүү дээ.   

Ерөнхийлөгч барууны ямарваа хөрөнгө оруулалтыг дэмждэг, баруунд сургууль төгссөн учраас “Монголоо барууныханд худалдах гэж байгаа” гэх мэтийн гаргалгаа бол үнэн инээдтэй ичиж үхмээр дүгнэлт, гайхалтай нь үүнээс болоод Ерөнхийлөгчийн зарласан “Төвийг сахих” бодлогоос өөрөөр хэлбэл “өөрийнхөө бодлогоос өөрсдөө айгаад” эсэргүүцээд унана гэдэг бүр ч хөгийн л юм байхгүй юу. “Москвад унгахад Улаанбаатарт дусаачихдаг” үе өнгөрсөн, тэр үеэ ахиж давтахгүйн тулд бид бодлого гаргаж хэлэлцэж байна, ингэлээ гээд “Америкт улсаа худалдах гэж” байгаа хэрэг биш.

Алдаатай мадагтай олон гэрээний цаана авилгын л хар хор явдаг, гэтэл авилгатай хамгийн идэвхтэй тэмцэж байгаа хүн нь Ерөнхийлөгч гэдгийг бүгд л харж байна. “Юу ч хийдэггүй” гэж шүүмжлэх, ямарваа санал санаачлага дэвшүүлэхээр утга учиргүй улайран эсэргүүцэх нь нийгмийн сэтгэцийн өвчлөлийн шинж болохоос эрүүл саруул шүүмжлэлийн үнэр ч байхгүй байгаа нь харамсалтай. “Юм хийнэ” гэдэг нь тэгээд Ерөнхийлөгчийн хувьд юу юм, эксковатор бариад газар ух гэсэн үг үү? Тэрийг чинь Ерөнхийлөгч биш эксковаторчин гэдэг хүн хийдэг. Ардчилсан нийгэмд хоёул ижил эрхтэй.

Тиймээс “Төвийн сахих” бодлого гэж юу болох, хэрхэн хэрэгждэг ямар үр дүнд хүргэдэг яавал зохих талаар энэ талын мэргэжилтэн, мэргэшсэн хүмүүс хялбаршуулсан тайлбар, өгүүлэл, нийтлэлийг олноор гаргаж олон нийтэд таниулах л ёстой юм байна.

Төвийг “Шивцаар” л сахидаг уу?

Миний л ажиглаж, ойлгож байгаагаар энэ “Төвийг сахих” бодлого нь өнгөрсөн зууны тэнцвэрийг барьж байсан уламжлал дээр сүүлийн нэн шинэ түүхэнд бий болсон гуравдагчийн бодлогыг нэмж дипломатын үйл ажиллагаагаар тусгаар тогтнолоо баталгаажуулах алхам юм гэж ойлгогдож байна. Айгаад байх юм байхгүй, бид ингэх ёстой, эрхтэй. Өөрөөр хэлбэл хуучин ЗХУ-ын орон зайг өнөөгийн ОХУ ба БНХАУ мөн гуравдагчийн оролцоог тэнцүүлэн дүүргэх, ингэхдээ аль нэг талтай дайсагнах буюу нэг талд хэтэрхий ойртох замаар бусадтай нь зөрчилдөхгүй байх дипломатын бодлого гэж ойлгож байна. Хамгийн товчдоо “Дайсангүй байя аа” л гэсэн үг шүү дээ.

Өөр зарим шалтгаан бий, жишээ нь Монголыг ШХАБ-ын гишүүн болгох шахалт байнгын шинжтэй байна. Гурван улсын удирдагчдын байнгын “Улаанбаатарын уулзалт” хийх санал энэ шахалтаас болоод явахгүй байна. Манайх л ШХАБ-аас гадуур яриа хэлэлцээрийн механизм бий болгох гэж оролдсон хэрэг. Үүнийг “Элбэгдорж Хятадад худалдагдлаа, Си Жинпин нүдээ ирмэв” гэж гутаах хэрэг байна уу?  

ШХАБ-ын гишүүн жижиг улсуудын эдийн засгийн дорой буурай байдал биднийг тийш алхахаас хойш нь чангааж байна. Хамгийн ойрын Киргиз, Тажикийн эдийн засгийн байдал нь ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн сэргэлт хүлээх нь тааруухан үр дүнтэй байж болохыг харуулаад байна. Дэлхийн зах зээлтэй ямар нэг сувгаар холбогдохгүй л бол Орос, Хятадын зах зээлд түшиглэж хөгжих нь өөрөө өрөөсгөл гэдгийг бид ойлгож л байгаа шүү дээ. Эцсийн дүндээ бодит байдалд бид жижиг улс, манай гадаад дотоод бодлогын бүх цөм зангилаа “эрх ашгаа тулгах хүртэл хүчирхэгжихэд” биш эдийн засгаа өөд татахад л чиглэж байдаг “даруухан амбицтай” улс шүү дээ. 

Харин ШХАБ-ыг АНУ-ыг сөрсөн эвсэл, бараг л “шинэ Варшавын гэрээ” шахуу ойлгодог АНУ Монголын тийш хандсан ямарваа алхам бүрт эмзэг хандаж байгааг анзаарахгүй байхын аргагүй л байна. Үүний тулд л “Бид танай гуравдагч хөрш” гэж зарласан. Илүү прагматикаар сэтгэж ШХАБ-ыг “эдийн засгийн интеграци” гэж ойлгоод элсэж, оролцоогоо зохицуулаад явах саналтай АН-ын гишүүд ч олон бий. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд манай улс, төлөөлсөн Ерөнхийлөгч нь олон улсын байгууллагуудтай, АПЕК, АСЕАН-тай ойр хамтран ажиллах талаар идэвхтэй ажиллаад байгаагийн эцсийн санаа нь “Манай бараа бүтээгдэхүүнийг л зах зээлдээ нэвтрүүлээч” гэсэн хүсэлт байдаг. 

Үүнийг л “1, 2, 3”-дагчдад ойлгуулахын тулд ямарваа нэг томъёолол хэрэгтэй байгаа, тэр нь “Төвийг сахих” гэж нэрлэгдсэн байна. Монголын төрийн жолоонд ямар ч хүчин, ямар ч хүн гарсан нэг, хоёр, гуравдагч хөршүүдээсээ аль нэгийг тоохгүй орхиж чадахгүй, болохгүй нь тодорхой энэ үед бодлогыг шүүмжлэхээсээ өмнө маш тодорхой мэдээлэл шаардаж, яг юу болохыг нарийн задлаж хэлэлцэх нь илүү үр дүнтэй байна. Түүнээс Төвийг сахих, Шивцаар, Цэвээн гурвыг л яриад л байвал яриад л байна. 

Нэг бол өвөг дээдэс л дандаа ухаантай байдаг, нэг бол хойд урд хөршийн удирдагчид ухаантай байдаг, эсбөгөөс Америк, Европын удирдагчид ухаантай байдаг, Монгол л болдоггүй “тэнэгүүдийн орон” гэлцэж, үргэлж субьектив хүчин зүйлээс аврал эрж, өөрсдийгөө голдог энэ өвчнөөс салж, идэвхтэй оролцоогоороо бодлогод нэмэр болдог баймаар. Энэ л боловсролтой монголын дүр төрх болж чадна. 

Яагаад энэ бидний үе ухаалаг шийдвэр гаргах чадваргүй гэж, яагаад бид муу гэж, ирээдүй хойч маань энэ бидний үед “Төвийг сахих” маш оновчтой бодлого томъёолсон шүү гэж яагаад дурсаж болохгүй гэж? Тэр тусмаа Монголын “төвийг сахих” бодлого нь хөгжил дэвшил аажмаар шилжиж буй цэцэглэсэн дорнын ертөнцөд үлгэр дуурайл шинэ үзэгдэл болж болохгүй юу? “Үлгэрлэвээс монгол лугаа адил төвийг сахих...” талаар хэн нэгэн бичиж ч магадгүй. Түүнээс “Элбэгдорж лугаа адил...” гэж хэн ч бичихгүй, энэ бол улсын бодлого. Шүүмжлэл сайн, ингэх тусам алдаа гаргах боломжийг хааж гэмээ нь шүүмжлэл тустай байх гол үүргээ гүйцэтгэнэ гэдгийг л санацгаавал ямар?...

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага