Thursday, October 29, 2015

Монгол Улс байнга төвийг сахих тухай хэдэн үг

Сүүлийн 25 жил гадщад харилцаандаа хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон зарлах, хуульчлах, бусад улсаар дэмжүүлэх ажил өрнөж байна. Энэ бодлогын талаар манай судлаач, дипломатчид үгээ хэлж, сонирхсон хүмүүс сайтууд дээр коммент бичин хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт хэдэн үг нэмэрлэе.
БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ НЭГЭН ҮГ
“Байнга төвийг сахих” гэдэг нь дайны үед дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгуй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байхыг хэлнэ. Ердөө л энэ. Энэ бол олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог ойлголт юм.
Дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийг олон улсын эрх зүйгээр тодорхойлсон байдаг. Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн XIII конвенцын дагуу төвийг сахисан улс нь дайн байлдаанд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй, тэдгээртэй адил тэнцүү харилцах үүрэгтэй, гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалахэрхтэй.
Байнга төвийг сахисан улсууд болон манай хөрш Орос, Хятад зэрэг 36 улс эдгээр конвенцид оролццог. Байнга төвийг сахисан улс нь дайнд оролцохгүй байхаас гадна энхийн цагт ч төвийг сахиж, дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлгэдэг цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байх учиртай. Гэхдээ байнга төвийг сахихыг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй байгаа.
БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
“Байнга төвийг сахих бодлого” гэж юу гэсэн үг вэ, түүнд юу хамаарах вэ гэдгийг хэрхэн тодорхойлж тогтоохоос их зүйл хамаарна. Олон улсын эрх зүйн сонгодог ойлголтоор явах уу, эсхүл түүнд маш өргөн утга шингээх үү?
Байнга төвийг сахихыг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй, өөрөөр хэлбэл байнга төвийг сахих бодлогод юу хамаарахыг зохицуулсан олон улсын эрх зүйн баримт бичиг байхгүй тул байнга төвийг сахих бодлогоо улс орнууд өөрсдөө тодорхойлж тогтоодог. Иймээс ч байнга төвийг сахисан орнуудын бодлого ялгаатай байдаг. Швейцарь, Туркменистаны байнга төвийг сахих бодлогыг товч авч үзье.
Швейцарийн Үндсэн хуульд төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгсэл гэж заажээ. Швейцарь нь дайны үед харилцан туслах үүрэг хүлээлгэдэг НАТО зэрэг цэргийн эвсэл холбоонд элсэхгүй байх, ийм үүрэг хүлээлгүйгээр бусад улс, олон улсын байгууллагатай цэргийн болон бусад салбарт хамтран ажиллах, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд (гэхдээ байлдааны хэсэгт нь оролцохыг хориглоно) болон хориг арга хэмжээнд оролцох, олон улсын харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэх бодпого явуулж байна.
Дайнд оролцох, цэргийн эвсэл холбоонд элсэхээс бусад үйл ажиллагааг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй тул хориглоогүй гэж үзэж чөлөөтэй, идэвх.эй, тэгэхдээ тэнцвэртэй бодлого явуулдаг. Харин Туркменистаны байнга төвийг сахих бодлого арай өөр.
Цэргийн эвсэл холбоо болон хамтын хариуцлага хүлээдэг хатуу болзол бүхий байгууллагад элсэхгүй; дайн эхлүүлэхгүй, оролцохгүй; үй олноор хөнөөх зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, дэлгэрүүлэхгүй; гадаадын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй; бусад улсад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхгүй, эдийн засгийн хориг арга хэмжээг дэмжихгүй. Туркменистаны байнга төвийг сахих тухай хуульд зааснаар төвийг сахих нь гадаад бодпогын үндэс бөгөөд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт байнга төвийгсахина. Ингэснээр гадаад бодлогоо ихээхэн хязгаарласан гэж судлаачид үздэг.
МОНГОЛ УЛСЫН БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
Тэгвэл Монгол Улсын байнга төвийг сахих бодлого ямар байвал зохих вэ? Төвийг сахих нь гадаад бодлогын үндэс бөгөөд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт байнга төвийг сахина гэж бодлогоо хязгаарлах шаардпагагүй юм. Иймд байнга төвийг сахих тухай олон улсын эрх зүйн сонгодог ойлголтын хүрээнд бодпогоо тодорхойлох нь зөв болов уу.
Бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудпыг эв зүйгээр шийдвэрлэх зэрэг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлахаас гадна байнга төвийг сахих бодлогын хүрээнд дараахь зарчмыг тогтоож болно:
  1. өөр улсын эсрэг түрүүлж цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхгүй, аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй, 
  2. бусдын зэвсэгт түрэмгийлэлд өртсөнөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй бөгөөд тэдгээртэй адил тэнцүү харилцана,
  3. тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул заналхийлэл учирснаас бусад тохиолдолд цэргийн эвсэл холбоонд элсэхгүй,
  4. гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй,
  5. нутаг дэвсгэр, агаар мандлаа дайны зориулалтаар өөр улсын эсрэг ашиглуулахгүй бөгөөд үй олноор хөнөөх зэвсгээс ангид байлгана,
  6. гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах болон бусад улс, НҮБ-аас тусламж хүсэх бүрэн эрхтэй байна,
  7. дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээхгүйгээр бусад улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцоно.
Эдгээр зарчим нь манай улсын хувьд цоо шинэ зүйл биш, Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан үндсэн гэрээнд туссан байдаг.  Гадаад харилцаандаа хэрэгжүүлж ирсэн эдгээр зарчмыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлэх ажил хийгдэж байна.
ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХТ БАЙДЛЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ

Өргөн  уудам нутаг  дэвсгэртэй, цөөн хүн амтай улсыг батлан хамгаалах нь бэрхшээлтэй бөгөөд бусад улсын эсрэг дайн өдөөх, тэдний өдөөсөн дайнд оролцох, хүчирхийлэл, түрэмгийлэл эхлүүлэх нь тусгаар тогтнолд аюул занал учруулах тул Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу тусгаар тогтнолоо улс төр дипломатын аргаар хангах хүрээнд байнга төвийг сахих нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, байнга төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах улс төр-дипломатын арга юм.
Төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах арга мөн боловч тухайн улсын бүрэн эрхт байдлыг тодорхой хэмжээгээр хязгаарладаг тул бүрэн эрхт байдлаа сайн дураар хязгаарлах шаардлага бий юү гэсэн эргэлзээ зарим хүнд төрж байна. Туркменистаны жишгээр улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарт төвийг сахиж бүрэн эрхт байдлаа хязаарлахгүйн тулд байнга төвийг сахих бодлогоо олон улсын эрх зүйн сонгодог ойлголтын хүрээнд тодорхойлох нь чухал болохыг дээр авч үзсэн билээ.
Дайн өдөөх, бусдын дайнд гүйж оролцох бүрэн эрх байдаг бол түүнээс л татгалзъя. Тусгаар тогтнолдоо аюул занал учруулсан бүрэн эрх гэж байж таарахгүй.
Хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд тэдгээртэй төвийг сахиж тэнцвэртэй харилцах нь Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн асуудал болно.
Энэ асуудал нь ямар нэг дарамт шахалтад орсны улмаас, ямар нэг юм болохоо байсны улмаас гэнэт гарч ирсэн асуудал биш, ШХАБ-д элсэхгүй гэсэндээ төвийг сахих бодлогыг гаргаж ирсэн ч юм биш. Манай улсын газар зүйн байршил, өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, манай ард түмний туулж ирсэн түүх, язгуур эрх ашиг, үнэт зүйлс нь төвийг сахихыг шаардаж байгаа юм.
ГАДААД БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
Байнга төвийг сахиснаар бүрэн эрхт байдал хязгаарлагдахгүй тул одоо явуулж буй энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогод өерчлөлт орохгүй. Бусад улс манай тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, гадаад бодлогыг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд манай улс байнга төвийг сахидаг боллоо гээд энэ нь өөрчлөгдөхгүй.
Бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах бодлогоо үргэлжпүүлнэ. Хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцах бодлогод өөрчлөлт орохгүй, гадаад харилцаагаа бүхэлд нь тэнцвэржүүлэх зорилгоор явуулж буй гуравдагч хөршийн бодлогоо үргэлжлүүлнэ.
Бусад улстай бүхий л сапбарт харилцаа хөгжүүлэх бодпогоо үргэлжлүүлнэ. Олон улсын эрх зүйн сонгодог ойлголтын хүрээнд тодорхойлсон байнга төвийг сахих бодлого нь бусад улстай улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг бусад салбарт харилцаа хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхгүй.
Байнга төвийг сахилаа гээд манай идэвхтэй гадаад бодлого “бөөрөнхий", “хөшүүн” болох, бусад улсаас тусгаарлагдах асуудал гарахгүй. Ямар ч асуудлаар бодлого, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
Төвийг сахих нь бусад улстай тэнцвэртэй харилцахын зэрэгцээ олон улсын талбарт, ялангуяа олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгоно. Нутаг  дэвсгэрээ олон улсын байгууллага байрших, олон улсын яриа хэлэлцээ хийх талбар болгож, зуучлалын үйл ажиллагааг идэвхтэй явуулж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож болно (улс орнууд маргаантай асуудлыг хэлэлцэхдээ төвийг сахисан улсад яриа хэлэлцээ явуулах сонирхолтой байдаг).
Харин бүх салбарт бүх асуудлаар төвийг сахина гэвэл гадаад бодлого идэвхгүй, бөөрөнхий, хөшүүн болох асуудал гарна. Иймд ГХЯ байнга төвийг сахих бодлогыг тайлбарлаж, түүнтэй холбоотой байр суурийг тодорхойлж байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, байнга төвийг сахих бодлого зөрчигдөхөөс сэргийлж, дайнд хүргэж болзошгүй улс төр, дипломат болон бусад алхам хийхгүй байхад анхаарч байх нь чухал болно. ГХЯ-ны үйл ажиллагаа, боловсруулж буй бодлого, байр суурь зарим талаар улам тодорхой, хариуцлагатай болж, дипломат ур чадвар нь нэмэгдэх юм.
Жишээ татахад, Швейцарь төвийг сахих бодлогоо тууштай баримталдаг. НАТО Сербийг бөмбөгдөхдөө, АНУ Иракт довтлохдоо нутаг дэвсгэрээр нь цэргийн нислэг үйлдэх хүсэлт тавихад Швейцарь татгалзсан. Учир нь НҮБ эдгээр ажиллагааг зөвшөөрөөгүй тул татгалзсан ажээ. Харин НАТО-гийн ажиллагаа дуусч Косовод НҮБ-ын мандат бүхий НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаа эхлэхэд Швейцарь оролцсон байна.
БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫН ТУХАЙ НЭГЭН ҮГ
Байнга төвийг сахих нь тусгаар тогтнолоо хамгаалах аргын хувьд батлан хамгаалах бодлогын бүрэлдэхүүн хэсэг болно. Нөгөөтэйгүүр, өөрийгөө батлан хамгаалах чадвартай байх нь байнга төвийг сахихын баталгаа болно. Батлан хамгаалах чадвартай байхын тулд дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлгүйгээр бусад улстай, тэр тусмаа цэргийн эвсэл холбоодтой ч хамтран ажиллах, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломжтой бөгөөд төвийг сахих нэрийн дор үүнийгээ хязгаарлаж болохгүй юм.
Байнга төвийг сахисан улс гадны халдлагад өртвөл яах вэ? Байнга төвийг сахисан улс гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах болон бусад улс, НҮБ-аас тусламж хүсэх бүрэн эрхтэйг олон улсын эрх зүй хүлээн зөвшөөрдөг. Энэ нь манай батлан хамгаалах бодлогод бүрнээ нийцнэ. Дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагийн конвенциудад нэгдэн орох нь чухал байна. Тэгвэл ОХУ, БНХАУ эдгээр конвенцийн дагуу манай төвийг сахисан статусыг үл хөндөх үүрэг хүлээх болно.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХ НЭГЭН ҮГ
Байнга төвийг сахихыг бүх салбарт бүх асуудлаар төвийг сахина гэсэн үг хэмээн би ойлгохгүй байна. Энэ бол хэлэлцүүлэгт нэмэрлэж буй миний л үг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
Ажлын албаны дарга Очирын ОЧИРЖАВ

  • 1984-1990 – ГХЯ-ны Консулын газрын ажилтан
  • 1990-1992 – Улсын Бага Хурлын гишүүн
  • 1992-1996 – Шинэ Дели дахь ЭСЯ-ны зөвлөх
  • 1996-2000 – ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2000-2001 – ГХЯ-ны Эрх зүй, консулын газрын зөвлөх
  • 2001-2004 – Сөүл дахь ЭСЯ-ны зөвлөх
  • 2005 – ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал
  • 2005-2008 – ГХЯ-ны Консулын газрын захирал
  • 2008-2012 – Монгол Улсаас Түркт суугаа Элчин сайд

No comments:

Post a Comment

Ангилал

10.20 2012.09.08 2012.09.15 2013 2013.02.25 2014 Citizen Participation Deliberative Dеmосгасу Deliberative роlling discussion e-government facilitator FOCE Good Neighbors IRI James S. Fishkin KAS Legatum Prosperity Index news OHXC plebiscitis referendum SDC sound Status neutrality Switzerland V www.khural.mn А.Саруул Баг Багануур дүүрэг Багахангай дүүрэг баримт бичиг Бат-Очир БАТТҮВШИН Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Бүх нийтийн санал асуулга Бямбадоржийн ЧИЛГЭР видео Газар шинэчлэн зохион байгуулах гарын авлага Д.Баттулга Дархан-Уул аймаг Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газар Жишиг хороолол захирамж Зөвлөлгөөн Зөвлөлдөх Ардчилал Зураглал Зууны мэдээ илтгэл ИНХ ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм Иргэдийн оролцоо Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн сайн дурын бүлэг Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэдийн хурлын төлөөлөгчид Иргэн Ламжав Иргэний танхим Либерал хаус Манай хороо-Миний оролцоо Манай хороо-Хоггүй орчин Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил Мэдээлэл Налайх дүүрэг Нийтийн зар мэдээний тогтолцоо Нийтийн зар мэдээний тухай хууль Нийтийн зар мэдээний хууль Нийтийн санал хураалтын хууль НИТХ Ном Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орхон аймаг Өглөөний цай Санал асуулга Сонгинохайрхан дүүрэг Судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг ТББ Тогтоол Төв аймгийн Зуунмод сум төсвийн хэлэлцүүлэг төслийн хэлэлцүүлэг Төсөв Төсөл Удирдамж Улаанбаатарын дүрэм Уралдаан Урилга Урлаг Урлаг Хөгжлийн Төлөө УТБА үзэл баримтлал үлгэрчилсэн дүрэм - журам Хан-Уул дүүрэг ХАРХҮҮ Доноров Ховд аймгийн Иргэдийн Хурал Хог хаягдал Хороо хорооны иргэдийн нийтийн хурлын журам хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн журам Хорооны иргэний танхимын үлгэрчилсэн дүрэм Хорооны үлгэрчилсэн дүрэм Хотын гудамж Хотын гудамж - Миний нутаг Хөрөг хуулийн төсөл Хүн ам Хэлэлцүүлэг Хэнтий аймаг Цагийн Хүрд Хөтөлбөр Ч.Сосормаа Чингэлтэй дүүрэг Швейцарийн хөгжлийн агентлаг Шилэн данс Шилэн дансны тухай хууль Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Шууд ардчилал хүрээлэн Эрүүл аюулгүй байдлын индекс ярилцлага